АМЖИЛТЫН БАЯР ёслол ТӨГӨЛДӨР боллоо!

10.12.2018


Соёлын төв өргөөний их танхимд АПУ Групп компанийн НЭГ ГЭР БҮЛ нэгэн тоонон дор цугларч, улиран одож буй 2018 оныхоо ололт амжилтаа дүгнэж, цаашдын зорилго зорилт, бодлого чиглэлээ тодорхойлсон НЭГДСЭН ЧУУЛГАН амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү чуулган нь шингэн хүнсний салбарт хүчирхэг нэгдлийг хийснээс хойш даруй нэг жилийг ардаа үдэж, анхны үр дүнгээ хэлэлцсэн түүхэн арга хэмжээ болсон юм.

Алтан соёмбот тугаа хоймортоо гэрэлтүүлж, Бүх Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн чуулгын найрал дуучдын хамтаар төрийн сүлд дуугаа хүлээн авснаар нээлтийн арга хэмжээ ёслол төгөлдөр эхэлсэн бөгөөд АПУ ХК-ийн ТУЗ-ийн дарга, Шунхлай Группын Ерөнхийлөгч П.Батсайхан болон АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг нар мөн энэ үеэр хамт олондоо хандан амжилт ерөөж, урам зориг нэмсэн үгээр мэндчилсэн билээ.

Үүний дараа нийт 2270 ажилчинтай өнөр өтгөн гэр бүлийн жилийн турш хийсэн бүтээсэн бүхнийг эмхтгэн газар албадын чиглэл хариуцсан захирлууд тайлангаа танилцуулсан юм.

2018 оны хийж хэрэгжүүлсэн ажлуудыг товч дурдвал:
• Монгол улсын ТОП 100 аж ахуй нэгжийг шалгаруулах шалгаруулалтад АПУ Групп компанийн 5 охин компани шалгарсан.
• АПУ компани сүүлийн таван жилийн хугацаанд 1 их наяад гаруй төгрөгийн татварт төлж улсын төсөвт төвлөрүүлснээс 2018 онд 260 гаруй тэрбум төгрөгийн татвар улсдаа төлжээ. 
• 21 аймгийн 300 гаруй хоёрдогч түүхий эд авах цэгээр дамжуулан бүтээгдэхүүний хаягдал шил, лонхыг цуглуулан, угаан ариутгаж үйлдвэрлэлийн эргэлтэд оруулан дахин ашиглаж байна. 
• 2018 оны эхний 11 сарын байдлаар 11,789 тонн саарал усыг дахин ашиглаж, цахилгааны хэрэглээг 27% хэмнэсэн үзүүлэлттэй ажиллалаа.
• Хөдөлмөр, Хамгаалал Аюулгүй ажиллагааг сайжруулахад 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.
• Чанарын удирдлагын тогтолцоо ISO-9001, Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийн удирдлагын тогтолцоо ISO 14001 стандартыг баталгаажуулж, Хүнсний аюулгүй байдлын баталгаажуулалтын тогтолцооны сүүлийн шинэчилсэн хувилбар болох FSSC 22000 (ISO22000 + PAS 220 (ISO22002-1)) стандартыг “SGS Group”-ээр хөндлөнгийн аудитын шалгалт хийлгэн, итгэмжлэлээ дахин баталгаажууллаа.
• Брэнд бүтээгдэхүүнүүдээ Орос, Хятад, Солонгос, Япон, Швейцар, Герман, Итали улсууд руу экспортолсон амжилт бүтээлийн цувааг үргэлжлүүлэн шинэ оноо угтаж байна. 
• Бүх ажиллагсдын дунд “Хамаг Монгол” урлагийн наадам, “АПУ Олимп” Спортын наадмуудыг амжилттай зохион байгуулсан.

гэх мэт олон арван ажлуудыг хийж гүйцэтгэн, үр дүнгээ хэлэлцэж “ОНЫ ШИЛДЭГ” -үүдээ мөн тодрууллаа. Энэ жилийн хувьд оны шилдэг ажилтан, оны шилдэг худалдааны төлөөлөгч, оны шилдэг менежер, оны шилдэг манлайлагч зэрэг шагналуудыг гардуулан, ажилчдаа алдаршуулсан бөгөөд шилдэг төслөөр “Борлуулалт ба үйл ажиллагааны төлөвлөлтийн төсөл” шалгарсан билээ.

Энэ ташрамд нийт АПУ Группийн хамт олондоо болон шилдгээр шалгарсан ажилчдадаа халуун баяр хүргэж, айлчлан ирж буй ондоо амжилтын буухиагаа үргэлжлүүлж, аяны богц арвин байхыг хүсэн ерөөе!