Улсын бүртгэлийн дугаар: 9010001005

Регистрийн дугаар: 2702673

Үүсгэн байгуулагдсан огноо: 1991 оны 2 сарын 13-ны өдөр

Нийт хувьцааны тоо: 1,064,181,553

Үйл ажиллагааны чиглэл: Архи, шар айраг, спирт, ундаа, ус, жүүс, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бөөний болон жижиглэн худалдаа, гадаад худалдаа, хог хаягдлаас хоёрдогч түүхий эд, материал гарган авах үйл ажиллагаа, аж ахуйн нэгжийн удирдах дээд байгууллагын үйл ажиллагаа, менежментийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө-48, өөрийн байр

Утас: 11-343063

Товч түүх: 1924 онд Ардын намын төв хорооны тэргүүлэгчдийн 5 дугаар Их хурал, Ардын засгийн 7 дугаар их хурлаас баталсан “Архины онц эрхийг улсын санд авах тухай” шийдвэр харъяат улсад аливаа уух зүйлсийг өөрсдөө дотооддоо боловсруулан үйлвэрлэх онц эрхийг улсын санд олгож Идэш тэжээлийн трестийн Архин завод нэртэйгээр 19 ажилтантайгаар одоогийн APU Company-н үндэс суурь тавигдсан билээ. Ийнхүү “Архины завод”, “Архи пивоны завод”, “Архи пивоны комбинат” нэртэйгээр үйл ажиллагаагаа өргөтгөн явуулж ирсэн.

БНМАУ-ын Засгийн Газрын Өмч Хувьчлалын Комиссын 1992 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 15 тоот тогтоолоор анх Улаанбаатар хотын Архи пивоны комбинатыг Архи, пиво, ундаа буюу “АПУ“ Хувьцаат компани болгон 49 хувийг хувьчилж, үлдэх 51 хувийг төрийн эрх бүхий байгууллага эзэмшиж байхаар тогтоожээ.

Хувьчлагдаагүй үлдсэн 51 хувь буюу төрийн мэдлийн 378867 /гурван зуун далан найман мянга найман зуун жаран долоо/ ширхэг хувьцааг Төрийн өмчийн хорооны 2001 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 663 тоот тогтоолоор Нийтийн дуудлага худалдааны ялагч Монгол-Хонгконгийн хамтарсан Туул Интернешнл ХХК дуудлага худалдааны үнэ 4,501,000,000 /дөрвөн тэрбум таван зуун нэг сая/ төгрөгийг хугацаанд нь төлсөн тул АПУ ХК-д өмчлөх эрхийг шилжүүлсэнээр тус компани 100 хувь хувьчлагдсан болно.

АПУ ХК нь 2 гишүүнтэй 74,287.7 мянган төгрөгийн дүрмийн сантайгаар архи, пиво, ундаа, ус, жүүс үйлдвэрлэх, гадаад худалдаа, хүнс барааны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, зоогийн газар баарны үйл ажиллагаа явуулахаар 2005 оны 10 дугаар сарын 12-нд 2702673 регистрийн дугаар бүхий 9010001005 тоот Улсын бүртгэлийн гэрчилгээг шинэчлэн авсан байна.

Хожим нь хууль эрх зүйн орчин шинэчлэгдэн сайжирсанаар нээлттэй хувьцаат компанийн хэлбэрээр Улсын бүртгэлд бүртгэгдсэн билээ.

Тус компани нь 4000 гаран хувьцаа эзэмшигчидтэй 742,877,000 ширхэг зарласан энгийн хувьцаатай бөгөөд биржид хувьцаа нь чөлөөтэй арилжигддаг ТОР-20 компанийн нэг юм. Сүүлд Хөрөнгийн биржийн 2014 оны Шилдэг хувьцаат компаниар өргөмжилсөн билээ.

Хүнс хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2002 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 152 тоот тушаалаар “Архи, дарс, пиво үйлдвэрлэх” тусгай зөвшөөрөл авч одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.

Өдгөө архи, пиво, ус, ундааны бүтээгдэхүүний төрлийг олшруулан сайжруулахаас гадна шинээр сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг явуулж эхлээд байна. 2012-2014 оны хооронд Шинэ пивоны үйлдвэр байгуулан хүчин чадлаа нэмсэн бөгөөд шинээр Сүүний үйлдвэр барьж ашиглалтанд оруулаад байна. Мөн ложистик зардлыг бууруулахын тулд Монголдоо анх удаа бүрэн Автомат агуулахыг ашиглалтанд оруулан амжилттай ажиллаж байна.

Ажиллагсадын тоо: Хөдөлмөрийн гэрээтэй 2200 гаруй ажилтан ажиллагсадтай