АПУ ХК "Алдагдал хаягдлыг алт мөнгө болгоё" төсөлтэй хамтран ажиллахаар боллоо

30.12.2014


АПУ ХК НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Технож бизнес инкубатор төвтэй хамтран дахин хэрэглэх боломжтой хог хаягдлыг авч ашиглаж, бүтээгдэхүүн хийж борлуулах "Алдагдал хаягдлийг алт мөнгө болгоё" төсөл хэрэгжүүлж эхэллээ. Энэ нь компанийн нийгмиийн хариуцлага төдийгүй ажилгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой юм.

НҮБ-ын хөгжлийн төвд болсон ""Түншлэл хамтын ажиллагаа ба талуудын оролцоо" сэдэвт уулзалт, хэлэлцүүлэгт АПУ ХК болон "Технож" бизнес инкубатор төвийн хооронд хамтран ажиллах санамж бичиг үзэглэж төслийн цаашдын үйл ажиллагааг холбогдох чиглэлийн дагуу дэмжлэг үзүүлэхээр болсон юм. Мөн энэ үеэр хаягдлаар хийсэн салхи, цас, бороо нэвтэрдэггүй, чийг даахгүй, хөнгөн авсаархан тетрафак, саваар хийсэн аяны цүнх, багажны сав, пянз, ундааны соруул, самраар хийсэн цаг, сандал, гар цүнх, буйдан зэрэг олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг танилцуулсан юм. Үзэсгэлэнг сонирхсон зочид юмханаар юм хийх гэсэн иргэдийн санаачлагыг дэмжиж, тэдний бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэн, өрхийн орлогыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн арга хэмжээ зохион байгуулж байгаад талархаж, цаашид тогтмол зохиох хэрэгтэй гэсэн саналыг хэлж байлаа.

Нийслэл Улаанбаатар хот нэг өдөрт 1100 тонн хатуу хог хаягдлыг "үйлдвэрлэн", хогийн цэгт цуглуулан шатааж эсвэл булж байгаа тухай баримт бий. Энэ нь нийслэл хотын хүн амын эрүүл мэндэд эрсдэл учруулахын зэрэгцээ байгаль орчыг сүйтгэх шалтгаан болж байна. Иймээс хог хаягдлыг бууруулах, дахин ашиглах, иргэдэд дэмжлэг үзүүлэх, хаягдлаар хийсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэхийг АПУ ХК-ийн зүгээс уриалж байна.