АПУ ХК-ийн түүх, Монголын түүх

14.05.2014


АПУ ХК Улаанбаатар хотын музейтэй хамтран компанийн байран дээр нийслэл хотын түүхтэй холбоотой бөгөөд тухайн үеийн нийгэмд амьдарч байсан хүмүүсийн соёл, аж амьдралтай холбоотой гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн тавьж байна. Уг үзэсгэлэнгийн гол зорилго нь 90 жилийн түүхт компаниараа бахархах сэтгэлийг ажилтнууддаа төрүүлэхээс гадна хамт олныхоо мэдлэгийг дээшлүүлж, сонирхлыг дэмжих, ирээдүй хойч үедээ түүхийн ховор нандин өв уламжлалаа хадгалж үлдээхийн ач тусыг сануулах юм.

Олон улсын музейн өдөр буюу 5 дугаар сарын 18-ныг тохиолдуулан гаргаж буй энэхүү үзэсгэлэн нь “Улаанбаатар хотын тухай”, “Хүрээ Гоёл” гэх хоёр сэдэвт хуваагдана. 1912 онд Монгол Улсын эзэн, шашин төрийг хослон баригч VIII Богд Жавзундамба хааны зарлигаар нийслэл хүрээний ерөнхий зургийг зуруулсан эх хувь нь Улаанбаатар хотын музейд хадгалагдан ирсэн нь “Нийслэл Хүрээ” түүхэн зураг агаад 100 гаруй жилийн настай эл түүхэн зурганд шилэн хамгаалалт хийх, хуулбарлах ажлыг музейн хамт олон АПУ компаний дэмжлэгтэйгээр хийж байна. Энэхүү хуулбарыг явуулын үзэсгэлэн болгон анх удаа АПУ компани дээр дэлгэн үзүүлэх болсонд үзэсгэлэнг зохион байгуулагчид ихэд бэлгэшээж байгаа юм. Уг үйл ажиллагаа нь бүхэлдээ музейг олон нийтэд сурталчлах ажил болохоос гадна АПУ компанийн байрыг сонирхолтой, идэвхтэй газар болгон өөрчлөх, ажилчдад мэдээлэл, урам зориг өгөхөөр зорьж байна.