Бид шингэн хүнсний салбарт манлайлагч үндэсний компанийн хувьд олон улсын жишигт нийцсэн Европын холбооны өндөр хөгжилтэй улс орнуудын байгаль орчинд ээлтэй, эрчим хүч, ус зарцуулалт багатай, сүүлийн үеийн өндөр үр ашиг бүхий техник технологиудыг нэвтрүүлэн байгаль орчинд үзүүлэх нөлөө, ул мөрөө аль болох бага байлгахыг бүхий л чиглэлд эрмэлзэн ажилладаг.

APU компани нь өөрийн үйлдвэрлэл болон бүхий л үйл ажиллагаандаа Монгол Улсын байгаль орчны чиглэлийн холбогдох бүхий л хууль, тогтоомж, олон улсын стандарт, шаардлагуудыг мөрдөн олон улсын хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, харилцагч, хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, хүлээлтийг бүрэн хангахад гол анхаарлаа хандуулдаг.

Бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO 14001:2004 стандартыг 2011 онд нэвтрүүлж улмаар 2017 онд ISO 14001:2015 шинэчлэгдсэн стандартын дагуу дэлхийд нэр хүнд бүхий SGS группын итгэмжлэлд хамрагдан баталгаажуулсан юм.

Бид шингэн хүнсний салбарын тэргүүлэгч компанийн хувьд үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн сүлжээндээ өөрсдийн бэлтгэн нийлүүлэгч, харилцагчдаас байгаль орчны талаар илүү хариуцлагатай бодлого баримтлан хамтдаа харилцан туршлагаа солилцон тогтвортой хөгжихийг уриалан хамтран ажиллаж байна.

Эрчим хүчний хэрэглээ

Байгалийн баялаг, нөөцийг зүй зохистой ашиглах замаар агаарын бохирдол, хог хаягдлыг бууруулах нь байгаль орчны бодлогын маань салшгүй нэг хэсэг юм.

Бид энэ зорилтын хүрээнд олон улсын байгууллагуудтай хамтран 2004 оноос эхлэн “Цэвэр үйлдвэрлэлийн менежмент ТУУЛ-21”, “Экологийн үр ашиг ба тогтвортой хөгжил”, “Эрчим хүч, дулааны алдагдлыг бууруулах” зэрэг олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж эрчим хүчний зарцуулалтыг бууруулах, дулааны алдагдлыг багасгах тоног төхөөрөмж, техник технологид томоохон хөрөнгө оруулалтуудыг хийж байна.

Бид эдгээр төсөл хөтөлбөрүүдийн үр дүнд жилд 180 000 Квт/цаг цахилгаан эрчим хүч, 3000 ГКал уурыг хэмнэж нийт 1700 гаруй гэрлийг эрчим хүчинд хэмнэлттэй LED технологид шилжүүлснээр гэрэлтүүлэгт зарцуулах эрчим хүчээ 54% хувиар бууруулаад байна.

Эрчим хүч хэмнэлтийн бодлогын хүрээнд Азийн бүтээмжийн байгууллага болон УБЦТС хамтран 2017 оноос “Эрчим хүчний хэмнэлттэй Азийн загвар байгууллага”-аар сонгогдон Эрчим хүч хэмнэлтийн удирдлагын тогтолцоо ISO 50001 стандартыг 2020 онд бүрэн нэвтрүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.

Усны хэрэглээ

Бид эрт дээр үеэс усыг “Чандмань эрдэнэ” хэмээн дээдлэн, хайрлан хамгаалж ирсэн өв баялаг уламжлалтай ард түмэн билээ.

APU компани нь шингэн хүнс үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох цэвэр усны эх үүсвэрийг хайрлан хамгаалах, нөөцийг зүй зохистой ашиглах, хэмнэх, усыг дахин ашиглахад өндөр ач холбогдол өгч нэгж бүтээгдэхүүнд зарцуулагдах усны хэрэглээг бууруулахад гол анхаарлаа хандуулан ажилладаг.

Байгаль орчны багийн санаачлагаар “Туул голоо тунгалаг байлгацгаая” уриан дор “Тунгалаг туул” аяныг жил бүр гурван зуу гаруй ажилтнууд оролцон зохион байгуулж ундны усны ундарга болсон Туул голын сав газрыг хамгаалах, хог хаягдлыг багасгах, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах зорилготойгоор голын эрэг, хамгаалалтын бүс дагуу хог, хаягдал бохирдлыг цэвэрлэх, ангилан ялгах боломжтой хогийн сав байрлууах ажлуудыг хийж байна.

APU компани нь “Усны менежмент”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлж усны зарцуулалтыг бууруулах, ус хэмнэх, саарал усыг дахин ашиглах 12 төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлснээр жилд 14 000 тонн усыг дахин ашиглаж байна.

Уурын хэрэглээ

Үйлдвэрлэлийн нэрэх, чанах дамжлага нь уурын хүчтэй даралтаас хамаардаг тул ус болон эрчим хүчний зарцуулалт өндөр байдаг. Иймээс бид үйлдвэрлэлийн шат дамжлага бүрт уурын даралтын ашиглалтыг хянаж 2013 онд уурын даралтыг 3000кПа-аар хэмнэсэн.

Хаягдал

Бид үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас гарч болох хог хаягдлыг аль болохуйц бага түвшинд байлгах, бууруулах, хэрэглэгчдэд очиж буй бүтээгдэхүүний сав баглаа боодлын хаягдлыг дахин ашиглах боломжтой байлгах нөхцлийг бүрдүүлэхийг зорьдог.

Шингэн хүнсний үйлдвэрлэлээс гарч буй хог хаягдлын 70-95 хувийг дахин боловсруулах, дахин ашиглах боломжтой байдаг гэсэн дэлхий нийтийн практик жишиг байдаг ба бид өөрсдийн онцлогт тулгуурлан үйлдвэрлэлээс гарч буй хог хаягдлыг дөрвөн төрөлд ангилан ялгаж цаашид хоёрдогч түүхий эд болгон дахин боловсруулах нөхцлийг ханган нийлүүлдэг.

Бид сүүлийн 5 жилийн хугацаанд нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ялгарах хог хаягдлыг 33%-иар бууруулсан ба 2020 онд 50%-д хүргэх зорилт тавин ажиллаж байна.

Бид эх орныхоо зах зээлд бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлж байгаа үндэсний үйлдвэрлэгч компанийхаа хувьд байгаль орчин болон нийгмийн хариуцлагадаа анхаарч Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот 21 аймгийн 3000 гаруй хоёрдогч түүхий эд авах цэгээр дамжуулан 23 нэр төрлийн бүтээгдэхүүний хаягдал шил, лонхыг цуглуулан өөрийн харьяа “Депод” ХХК-д угаан ариутгаж үйлдвэрлэлийн эргэлтэнд оруулан дахин ашиглаж байна.