МҮХАҮТ-ын гишүүд "Эрүүл хүнс" Гран При шагналын эзэн АПУ ХК-ийн сүүний үйлдвэртэй танилцлаа

10.10.2014


2013 оны онцлох аж ахуйн нэгж Шунхлай группын үйл ажиллагаатай МҮХАҮТ-ын гишүүд энэ өдөр танилцлаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд тэд "Намрын ногоон өдрүүд 2014"-ийн "Эрүүл хүнс" үзэсгэлэн худалдааны Гран При шагналыг Сайн, Маамуу, Цэвэр сүү зэрэг нийт 21 нэр төрлийн бүтээгдэхүүнээрэээ хүртсэн АПУ ХК-ийн сүүний үйлдвэрээр зочилсон юм.

Аливаа технологийн дэвшлийг дагаж үйлдвэрлэлийн аюулгүй байдал, бүтээгдэхүүний чанар, хүний бүтээмж дээшилж байдаг. АПУ ХК-ийн шинэ сүүний үйлдвэр нь Европын холбооны сүү боловсруулах үйлдвэрийн стандартын дагуу 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар боссож, 100 орчим хүний найдвартай, эрүүл, аюулгүй ажлын байрыг шинээр бий болгосон.

Сүүний үйлдвэр жилд 45 сая литр буюу Монгол улсын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг бүрэн хангах хүчин чадалтай төдийгүй Улаанбаатар хот болон Төв аймгийн нутагт сүү цуглуулах 12 цэг байршуулан, фермер, малчдаас өдөрт 60-80 тонн шингэн сүүг хүлээн авдаг.

Мөн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, зөөвөрлөлтийн горимыг нарийн сахиж "Сайн", "Маамуу" брэндүүдээ Швед улсын дэвшилтэт эколин савлагаанд үйлдвэрлэж байна. Уг савлагаа нь агаар, гэрэл, үнэр үл нэвтрүүлэх чанар бүхий дан байгалийн гаралтай түүхий эдээр хийгддэг бөгөөд шингэн хүнсний үйлдвэрлэлд байж болох хамгийн байгальд ээлтэй савлагаа юм.