Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Ажиллахад таатай газар” сертификатыг Монгол улсаас анх удаа АПУ ХК хүлээн авлаа.

24.09.2021


Дэлхийд өрсөлдөх үндэсний компани АПУ ХК нь 94 улс оронд салбартай Great Place to work Institute-ээс олгодог “Ажиллахад хамгийн таатай газар” гэрчилгээг амжилттай хүлээн авлаа.

Энэхүү баталгаажуулалт нь байгууллагын соёлын хүчин зүйлсийг 5 тулгуур үзүүлэлтийн хүрээнд задлан шинжилж тодорхойлдог ба эдгээр нь ажилтнууд хоорондын нөхөрлөл, итгэлцэл, хүндлэл, бахархал, шудрага байдлыг дүгнэн судалдаг.

АПУ ХК-ийн нийт 2000 гаруй ажилтнуудын дунд явуулсан судалгаагаар судалгаанд хамрагдагсдын 84% нь “Итгэлцэл дээр суурилсан, өндөр гүйцэтгэлтэй байгууллагын соёл”-ыг бий болгож чадсан болохыг дүгнэснээр Монгол улсад хамгийн анх удаа энэхүү сертификатын болзол хангасан аж ахуйн нэгж болж чадлаа.

Судалгааны үр дүнг харахад онцлох үзүүлэлт нь ажилтнуудын компаниараа бахархах сэтгэл, хийж буй ажил үүргээрээ дамжуулан өөртөө утга учир бий болгож ажлаараа дамжуулан улс орондоо хувь нэмрээ өгч  буй хэмээн итгэх итгэл, бахархах сэтгэл байсан юм.

АПУ ХК нь ажлын байрны ээлтэй бодлого баримтлахаас гадна нийгэмдээ эергээр хувь нэмрээ оруулах НҮБ-аас баталсан “Тогтвортой хөгжлийн 17 зорилт”-д чиглэсэн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Мод бид хоёр”, байгаль орчинд чиглэсэн “Байгаль эн тэргүүнд”, хариуцлагатай хэрэглээг бий болгох “Соёлоор Гоёно”, хог хаягдлын эсрэг “Шилээ дахин амьдруулъя”, боловсролын салбарт чиглэсэн “Маргаашийн манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөр гэх мэт томоохон төслүүдийг ажиллагсад төдийгүй харилцагч, түнш байгууллагууд, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран идэвхтэй хэрэгжүүлж байна.

Цар тахлын сорилт бэрхшээл дүүрэн сүүлийн жилүүдэд удирдлагын менежментийн арга барил “хүн төвтэй” бодлогод суурилж ажиллагсаддаа ээлтэй, ажлын таатай орчин бүрдүүлсэн, тасралтгүй сурч хөгжих боломжоор хангаж байна.

Тухайлбал ажилтнуудад чиглэсэн “Менторшип” хөтөлбөр, шинэ төгсөгчдөд чигэлсэн “Fast track” програм,  Дэлхийн түвшний менежер бэлтгэх хөтөлбөр, Сургагч багш бэлтгэх цөм хөтөлбөр гэх мэт сургалт хөгжлийн олон төрлийн хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж байгаа юм.

АПУ ХК нь ажлын байрны ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор ажиллагсадтайгаа хамтын гэрээтэй ажиллаж жил бүр 20 ажилтанд орон сууцны урьдчилгаа олгодог төдийгүй олон талт хөнгөлөлт, хангамжийн бодлогод анхаарч ажиллаж байна. Үүнээс гадна олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулж, чанар стандартын өндөр түвшинд брэнд бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэж хөнгөлөлттэй бараа, бүтээгдэхүүн авах, урамшуулалд хамрагдах боломжуудыг ажилтнууддаа олгож байна. Монгол улсад цөөнд тооцогдох бүрэн автомажсан үйлдвэрлэлтэй бөгөөд үйлчилгээний салбарт  ажиллаж буй борлуулалт, түгээлтийн ажилтнуудынхаа ажлыг хөнгөвчлөх зорилгоор нэгдсэн цахим системээр хангадаг ба ингэснээр үйлдвэрлэл болон үйлчилгээний олон улсын стандарт шаардлагын дагуу сурч хөгжих боломжууд нээлттэй байдаг.

Ажилтнууд өөрсдийн чөлөөт цагаараа сонирхол, хоббигоороо нэгдэн олон төрлийн сонирхлын клубуудад хамрагдах боломжтой байдаг ба “Төгөлдөр” төслийн хүрээнд нийт 10 төрлийн клубууд идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг.

Ялангуяа цар тахлын үед ажлын цагийн уян  хатан нөхцөлөөр хангаж зайнаас болон уян хатан ажлын цагаар ажиллах нөхцлөөр хангаж байгаагаас гадна гэр бүлийн өдөр, шинэ аавын амралт, өөрийн болон гэр бүлийн хүний эрүүл мэндийн шалтгаанаар цалинтай чөлөө олгох гэх мэт ажилтнууддаа ээлтэй зохицуулалтуудыг хийж байна.

Компани дээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдэд чиг үүрэг хамаарахгүйгээр хамтарсан баг бүрдүүлэн багийн гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулж олон төсөл хөтөлбөрүүдийг өөрсдийн санаачлагаар хэрэгжүүлсэн ба энэ нь хамт олны уур амьсгал  сайжрах, харилцан бие биенээ ойлгох, нөхөрлөх боломжийг бүрдүүлдэг.

Үүнээс гадна цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор ажилтнуудаа болзошгүй эрсдлээс сэргийлж даатгалын үйлчилгээнд хамруулсан ба халдвараар өвчилсөн ажилтнуудад зориулан эм тариа авах мөнгөн дэмжлэг болон ковидын багц бүтээгдэхүүнийг хүргэн өгч үйлчлэх зэргээр эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангасан хөтөлбөрүүдийг идэвхтэй хэрэгжүүлж байгаа юм.

Олон улсын Great Place to work Institute нь “Итгэлцлийн индекс®тооцох аргачлалаар судалгаа явуулж энэхүү баталгаажуулалтыг олгодог ба ажилтнууд өөрийнхөө ажлын талаар болон байгууллагынхаа талаар ямар сэтгэгдэлтэй, ямар үзэл бодолтой ажилладгийг хэмждэг. Түүнчлэн, ажилтны сэтгэлтэй байдал/энгэйжмэнт, ажлын орчин, байгууллагын стратегийн уялдаа холбоо гэх мэт олон хүчин зүйлсийг хэмжиж, тайлагнах боломжтойгоор онцлог.