Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал амжилттай боллоо

21.04.2020


АПУ компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 95%-ийн ирцтэйгээр болж өндөрлөлөө.
МУЗГ-ын 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 102 дугаар тогтоолын дагуу Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулж, хурлыг “Корпорейт Хотел энд Конвеншн Цэнтр”-ийн Концертын танхимаас Компанийн албан ёсны цахим хуудсаар шууд дамжуулан, анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулсан билээ.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг Компанийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг даргалан, Компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж, тус тайлангийн талаар Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан “АПУ групп компани 2019 онд тавьсан зорилтуудаа биелүүлж, амжилттай ажилласан” хэмээх дүгнэлтийг баталснаар энэ удаагийн хурал амжилттай болж өндөрлөв.

Хуралдаа идэвхтэй оролцож, саналаа өгсөн нийт хувьцаа эзэмшигчдэдээ талархсанаа илэрхийлье.