Худалдан авалт бүр нийгэмдээ эерэг өөрчлөлт бий болгох "Соёлоор Гоёно" төсөлд зориулагдах шинэ бүтээгдэхүүн мэндэллээ

12.07.2021


Нийгмийн эерэг өөрчлөлтийг бий болгох зорилгоор АПУ ХК-ийн хэрэгжүүлж буй “Соёлоор гоёно” төсөлд салбар салбарынхан нэгдэн орж, өөрсдийн хүчээ нэгтгэсээр байна. Бидний чин хүсэл бол хамтын манлайллаар нийгэмдээ хувь нэмрээ оруулах юм. Төслийн хүрээнд “Урлагаар соёлыг түгээх нь” сэдвээр ээлжит хэлэлцүүлгээ зохион байгууллаа. Clubhouse-аар зохион байгуулсан энэхүү цахим хэлэлцүүлгийг тоймлон хүргэж байна.

Энэхүү хэлэлцүүлэгт Архитектор Батжав, IWFCI Mongolia байгууллагын Ерөнхийлөгч О.Байгаль, Dance chance ТББ-ын үүсгэн байгуулагч Э.Халиун, Michel & Amazonka брэндийн хамтран үүсгэн байгуулагч Amazonka, Фото зурагчин н.Төмөрбаатар, Toirogdii thrift shop-ийн үүсгэн байгуулагч Агнууш, АПУ компанийн Борлуулалт, Байгууллагын харилцаа эрхэлсэн захирал Г.Баярмагнай нар оролцлоо.

Энэ үеэр загварын салбарт манлайлагчдын нэг Michel & Amazonka брэндийнхэн “Соёлоор гоёно” төсөлд нэгдэн орж, "Соёлоор гоёно" гурван төрлийн бүтээгдэхүүн буюу футболкыг зах зээлд гаргаж буйгаа мэдэгдсэн юм. 

Брэндийн орлогоос эерэг өөрчлөлт, эерэг соёл бий болгох төсөлд зориулна гэдгээ танилцууллаа. Өөрөөр хэлбэл, таны худалдан авалт нийгмийн эерэг өөрчлөлт, эерэг соёлын үр үндэст шим тэжээл, ус, агаар болох юм. “Соёлоор гоёно” брэнд нь нийгэмд талархал, хүндлэл, уучлал, урам зориг, итгэл авчрах, хариуцлагатай хэрэглээг эрхэмлэх мессэжийг давхар хүргэхээр зорьж байна.

Нийгмийн хариуцлага бүхий л салбарт урьд өмнө байгаагүй шинэ жишиг тогтоож, урьдын ойлголтыг орвонгоор нь өөрчилж буй. Хувь хүн болон компанийн нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага нийлж, нягтарч эх дэлхийгээ хайрлан хамгаалах, өв уламжлалаа өвлүүлэн үлдээх, нийгэмд шинэ соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хэчнээн чухал болохыг энэхүү хэлэлцүүлэг дахин бататгаж өгсөн нь онцлог байлаа.

“Урлагаар соёлыг түгээх нь” хэлэлцүүлэгт оролцсон Архитектор н.Батжав “Бид хүмүүст урлаг гэж ийм байдаг гэж зааж ярихаас илүү сэдэл өгөх ёстой. Залууст нийгэм болоод дэлхий дахинд тулгараад байгаа шийдэх ёстой асуудлыг шууд ярихад өөрөөс нь хол ч юм шиг, эсвэл хэтэрхий их том асуудал ч юм шиг ойлголт өгөөд байдаг юм байна. Тийм учраас сонсох дуртай дуу, хөгжим, өмсөх дуртай хувцсаар нь дамжуулаад хүргэх, сэдэл өгөх нь илүү үр дүнтэй” хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Бидний ажиллаж амьдарч буй нийслэл маань хэдий залуусын хот гэх боловч өнгө гундуу, ногоон байгууламж муутай, бүрсгэр саарал, хүнд “уур амьсгал”-тай. Тэгвэл хүйтэн, хөндий орчныг өөрчлөх замаар эерэг соёлыг түгээх боломжтой гэж нь Amazonka хэлсэн юм.



Соёлын хамт ухамсар тогтох, нийгмийн хариуцлага тогтох, тухайн худалдан авалтаараа нийгмийн хөгжилд хэрхэн оролцох нь хүртэл өөрөө жижиг асуудал биш болж хувирсан байна. Байгаль орчин, нийгмийн эрх тэгш байдал, эерэг хандлага энэ болгоныг соёлоор дамжуулан илэрхийлэх боломж улам бүрдсээр. Байгаль орчинд ээлтэй, хүний эрхийг дээдэлсэн, бусдыгаа хүндэтгэсэн хариуцлагатай хэрэглээ, дадал хэвшил цар хүрээгээ тэлсээр байгааг энэ удаагийн хэлэлцүүлэг илэрхийллээ.