Экспортыг дэмжих зорилгоор элчин сайдууд, албаны төлөөлөгчид АПУ ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

17.12.2019


Монгол Улсаас гадаад орнуудад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Ерөнхий Консул нар АПУ ХК-д зочиллоо. Зочид АПУ Дэйри ХХК-ийн сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрээр танилцах аяллаа эхлүүлж, АПУ ХК -ийн архи, шар айраг, ус ундааны үйлдвэрлэл, экспортын үйл ажиллагаатай танилцлаа.

Монгол Улсаас Сингапур Улсад суугаа Элчин сайд Т.Лхагвадорж “АПУ компанийн зарим бүтээгдэхүүнийг зөвхөн Сингапур гэлтгүй Зүүн Өмнөд Азийн орнууд нэлээд сонирхон хүлээж авах боломжтой гэж харж байна. АПУ-гийн хувьцаа эзэмшигчээр “Heineken” компанийн Сингапур дахь салбар орж ирсэн учраас экспортын чиглэлд дорвитой арга хэмжээ авах болов уу.

Ирэх жил Сингапур, Монголын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болно. Үүнийг тохиолдуулан үндэсний үйлдвэрлэл болон соёл урлагийг таниулах арга хэмжээнүүдийг зохион байгуулах замаар Монголыг сурталчлах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эх орныхоо бүтээгдэхүүнүүдийг Сингапур болон Зүүн Өмнөд Азийн зах зээлд сурталчлахад дорвитой арга хэмжээ хэрэгжүүлнэ. Үндэсний үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, чадамж, ирээдүй рүү чиглэсэн бодлогыг харилцан дэмжээд ажиллах боломжтой” хэмээн ярьсан юм.

Уг танилцах, мэдээлэл солилцох арга хэмжээний үеэр цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар доорх зүйлсийг ярилцаж санал солилцсон юм.

  • Төрийн яамууд салбарынхан үйлдвэрлэгчдээ бодитой дэмжиж, хамтран ажиллах арга зам эрэлхийлж, өнөөдөр экспортыг чухалд тооцон аж ахуй нэгжүүдтэй танилцаж брэнд бүтээгдэхүүнүүдийн талаар мэдээлэл солилцлоо.
  • Элчин сайдуудын хувьд өөрсдийн ажиллаж буй бүс нутаг, гадаад улс орнуудад зохион байгуулдаг томоохон арга хэмжээ, наадам, өдөрлөг, фестивалиуддаа үндэснийхээ үйлдвэрийн брэнд бүтээгдэхүүнүүдийг ашиглах, сурталчлан таниулах, экспортод нөлөө үзүүлэхэд онцгой анхаарч ажиллах талаар ярилцсан.
  • Мөн тухайн бүс нутаг, улс оронд брэнд бүтээгдэхүүн зарж борлуулах, сурталчлан таниулах тал дээр хууль эрх зүйн орчны талаар байнгын мэдээ мэдээллээр хангаж туслалцаа үзүүлэх тухай хэлэлцсэн.
  • Өнөөдрийн уулзалтын үеэр Элчин сайдуудын зүгээс олон улсын томоохон аж ахуй нэгжүүдтэй АПУ компанийг холбох, түншлэл үүсгэхэд гүүр болон ажиллахаа мэдэгдсэн.
  • Тухайн улс оронд зохион байгуулагддаг томоохон үзэсгэлэн яармагт урьж оролцуулах, дэмжихээ илэрхийлсэн.

Нийт хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочиддоо АПУ ХК-ийн хамт олны нэрийн өмнөөс талархал илэрхийлье.