Үндэсний аварга дэлхийн дэвжээнд

11.11.2019


Эдийн засагт “National Champions” гэдэг ойлголт байдаг. Улсынхаа хөгжлийг түүчээлэн, эдийн засгийн гол ачааг нуруун дээрээ үүрч явдаг үндэсний үйлдвэрлэгчдийг хүндлэн ингэж нэрлэдэг. Монгол Улсын хүнсний ууган үйлдвэрлэгч, 95 жилийн түүхтэй АПУ компани өдгөөгөөс яг хоёр жилийн өмнө 154 жилийн түүхтэй алдарт HEINEKEN компанийн Монгол дахь эзэмшлийн компаниудыг өөртөө нэгтгэж байв. Ингэснээр Монгол Улсын шингэн хүнсний салбарыг тодорхойлогч бус чиглүүлэгч компанийн суурийг тавьж, олон улсын зах зээлд гарах хүчирхэг нэгдлийг бий болгосон. Энэхүү нэгдэл нь Хөрөнгийн бирж дээр хамгийн өндөр буюу Монголын хамгийн анхны их наяд төгрөгийн үнэлгээтэй олон нийтийн компанийн эхлэлийг тавьсан билээ.

Дэлхийн дэвжээнд Монголын нэрийг тамгалах төгс үүрэг хариуцлагатай, төгөлдөр бүтээгдэхүүний нэгдэлтэй, тунгалаг орон зайтай АПУ компани сүүлийн жилүүдэд олон арван сая ам.доллар зарцуулан Хойд Америк, Европ, Азийн зах зээлийг судалсны үндсэн дээр ОХУ-ын зах зээл рүү нэвтрэх стратегиа энэ жилээс эрчимжүүлээд байна. Хэдийнээ Оросын 17 хотын 200 гаруй цэгүүдээр борлуулалтаа хийж эхэлсэн АПУ компани сар хүрэхгүй хугацааны өмнө ОХУ-ын Улаан-Үд, Иркутск, Красноярск хотуудад экспортын дээж болсон таван бүтээгдэхүүнээ танилцуулж, 1000 гаруй хүндэт зочдод үндэсний үйлдвэрлэлийн охь, Монгол брэндийг сурталчиллаа.                                                                   

Дэлхийн таван тивд экспорт хийх нь “АПУ” ХК-ийн стратегийн үндсэн чиглэл бөгөөд удахгүй Хятад руу том масштабаар гарч, Монгол гэдэг брэндийг дэлхийн хамгийн том зах зээл дээр үүсгэнэ. Энэ том амжилтын эзэн нь Монгол хүн та байх бүрэн боломжтой бөгөөд үргэлж нээлттэй. Учир нь АПУ компани Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, олон улсын төвшинд дэлхийн гигантуудтай стратегийн түншлэлийг хэрэгжүүлж буй, Монгол брэндийг дэлхийд таниулах алсын хараатай, хувийн хэвшлийн түүчээ болсон үндэсний ууган үйлдвэрлэгч юм.

АПУ компани үндэсний соёл уламжлал, Монголын нэр хүндийг дэлхийд таниулан ажлаа зогсолтгүй хийх бөгөөд төлөвлөгөө ёсоор 12 сарын 05-нд Казань хотод "Монголын Нэг Өдөр" арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил эхэлсэн. Энэхүү арга хэмжээнд нэр хүндтэй томоохон зочид оролцохоо урьдчилан баталгаажуулаад байна.