![]() | АПУ компани дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ISO-14001, ISO-22000 батламжуудыг хамтад нь гардан авлаа Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын нийгмийн хариуцлагатай компаниудад олгодог нэр хүндтэй батламж болох Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийн удирдлагын тогтолцоо ISO 14001, Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000 стандартын батламжуудыг хамтад нь Монголд анх удаа 87 жилийн арвин туршлагатай, үндэсний ууган үйлдвэрлэгч АПУ компани гардан авлаа. Эдгээр батламжуудыг өнгөрсөн баасан гарагт АПУ компанид гардуулах ёслолын ажиллагаа болсон юм. Тус арга хэмжээнд тус компанийн төслийг хэрэгжүүлсэн ажилтнууд, удирдлага, гадны зочид төлөөлөгчдөөс гадна манай урлаг соёлын зүтгэлтнүүд оролцсон. Тухайлбал Sweetymotion хамтлаг, хөгжмийн зохиолч Б.Чинбат, төрийн соёрхолт дуучин Д.Болд, хийлч Дээгий, язгуур урлагийн Бөртэ хамтлагийнхнаас гадна ардын жүжигчин Н.Сувд, ардын жүжигчин Мягмарнаран, Монгол Улсын гавьяат жүжигчин Оюундарь нар ирсэн байлаа.
ISO стандартыг үндэслэгч олон улсын байгууллага нь анх 1947 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 162 орны үндэсний стандартчиллын байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн хамгийн том стандартчиллын байгууллага аж. Тус байгууллага сайн дурын үндсэн дээр мөрдөж болох стандартуудыг батлан гаргадаг бөгөөд эдгээр нь бүх төрлийн бизнесийн үйл ажиллагааны үнэ цэнийг нэмэгдүүлэх, технологи болон бизнесийн сайн туршлага, үлгэр жишээг түгээн дэлгэрүүлэхэд олон улс орнуудын үйлдвэрлэл, үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмрээ оруулдаг байна.
Олон улсын стандартын байгууллагаас гаргасан тус ISO 14001 стандартыг л гэхэд дэлхийн 155 орны 188000 байгууллага үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн, сертификат авсан байна.
Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийн удирдлагын тогтолцоо ISO 14001 стандарт нь байгууллагын бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйл ажиллагаан дахь байгаль орчны нөлөөллийг бууруулах, хянах, удирдах замаар байгаль орчинд ээлтэй, хэрэглэгч, үйлдвэрлэгчийн эрэлт шаардлагад нийцсэн тогтолцоог бүрдүүлэх зорилготой стандарт аж. Энэхүү батламжийг авсанаар АПУ компани нь байгууллагынхаа бүхий л үйл ажиллагааг байгаль орчны хууль тогтоомжид нийцүүлэн 100 хувь байгаль орчинд ээлтэй үйлдвэр болж чадсан байна. Үргүй зардлаа хэмнэж, байгаль орчны асуудлуудад ажиллагсдын зүрх сэтгэлийг хандуулж, эрчим хүчээ хэмнэж, уур, ус, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, хэмнэлт гаргах, “ногоон оффис”-ийг бий болгох зэрэг чухал ажлуудыг амжилттай хэрэгжүүлж эхлээд байгаа юм байна.
Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000 стандарт нь хүн үйлдвэрлэгч байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ нь хэрэглэгчийн зүгээс тавьж буй аюулгүй байдлын шаардлагад бүрэн нийцсэн болохыг батлан харуулах зорилготой стандарт аж. Энэ стандартыг хэрэгжүүлсэнээр бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түүхий эд, бэлтгэн нийлүүлэлтээс эхлэн үйлдвэрлэх, түгээх, хадгалах, эцсийн хэрэглэгчид хүрэх бүхий л үе шатанд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаарх дүрэм журмыг баримтлан, нарийн хяналт шалгалтын дор аюулгүй, баталгаатай хүнсийг үйлдвэрлэх нөхцөл бүрддэг байна. Энэ үйл явдал нь зөвхөн нэг компанийн асуудал биш бүхэл бүтэн улс үндэстний хувьд цаашлаад байгаль орчин, хүнсний аюулгүй байдал, Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн хөгжилд шинэ стандарт, цоо шинэ хөгжил дэвшлийг авчирсан чухал үйл явдал боллоо.
Ингээд арга хэмжээний үеэр хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөөс АПУ компани ISO 14001, ISO 22000 батламжуудыг гардан авсанд ямар сэтгэгдэлтэй байгааг нь сонирхсон юм.
Ардын жүжигчин Н.Сувд:
-Юун түрүүн энэ үйл ажиллагааны гэрч болж байгаадаа баяртай байна. Хүнсний аюулгүй байдлын асуудал манай оронд маш хурцаар тавигдаж буй сэдэв. Тийм учраас ууж буй ундаагаа сэтгэл амар хэрэглэнэ гэдэг их сайхан зүйл гэж бодож байна. Энэ үйлдвэрлэлийг явуулахдаа амьдарч буй орчиндоо аюулгүй байна гэдэг хамгийн онцгой ач холбогдол нь юм. Энэ гэрчилгээнүүдийг АПУ компани авч байгаад хэрэглэгчийн хувьд маш их баярлаж байна. Мөн АПУ компани нь соёл урлагийг дэмжихдээ бусад байгууллагыг хошуучилж манай театр драмын уран бүтээл, уран бүтээлчдийг дэмжиж ажилладагт нь бид их баяртай байдаг. Цаашдаа ялангуяа үндэсний үйлдвэрлэгчид энэ үлгэр жишээгээр энэ гэрчилгээг мах, ногоо зэрэг хүнсний үйлдвэрлэл явуулж буй байгууллагууд аваарай гэж ерөөе дөө.
Ардын жүжигчин Мягмарнаран:
-АПУ компанийг энэ батламжуудыг авч байгаагаар нь бахархаж байна. Бид болон дэлхийн аль нэг орны хэн ч байсан АПУ-гийн сүү, сүүн бүтээгдэхүүн, ус, пиво, архийг хэрэглэхэд эмээхгүй, айх юм байхгүйн баталгаа боллоо. Энэ бол миний нөхөр найдвартай хэрэглээ болж итгэлийг минь олж байна гэж бодож байна. Итгэл авах гэдэг амархан байж болох харин итгэл даах гэдэг хэцүү шүү. Би хэрэглэгчийн хувьд АПУ компанийн залуусыг итгэл даана гэж итгэж байна.
Төрийн соёрхолт дуучин Д.Болд:
-АПУ компани маань дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж стандартчиллын эдгээр хүндтэй батламжуудыг авч байгаад хувиасаа халуун баяр хүргэе. Байгаль орчиндоо ээлтэй үйлдвэрлэгч болно гэдэг нийгмийн хариуцлагаа өндөрт өргөж яваагийн нэг илрэл гэж ойлгож байна. Тийм ч учраас АПУ-гийн ус ундаа болон бусад бүтээгдэхүүнийг хэрэглэнэ гэдэг Байгаль орчиндоо ээлтэй хэрэглэгч болж байгаа гэж би хувьдаа ойлгож байна. АПУ компани нь үндэсний шилдэг үйлдвэрлэгчээсээ гадна урлаг соёлд маш их анхаарал тавьж ажилладаг хамт олон. Камертон хамтлаг болон миний олон уран бүтээлд хамтарч ажилласаар ирсэн. Сүүлд Монгол поп тоглолтонд хамтран ажилласан байгаа. Өөрийнхөө зүгээс АПУ компанийн хамт олон хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэж байлаа.
2011 оны 12-р сарын 26 |