Categories
Онцлох мэдээлэл Онцлох Бид АПУ-чууд Мэдээллийн сан Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Спирт Бал Бурам ХХК Бид АПУ-чууд Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

Хагас Зуунаар баталгаажсан ХАМТЫН ҮНЭ ЦЭН

АПУ ХК-ийн СББ ХХК нь 1973 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа орон нутгийн хөгжил цэцэглэлт, эдийн засаг, хүн ам, нийгэмдээ өндөр хувь нэмэр оруулж, хамтран ажиллаж буй байгууллага, газар тариалан эрхлэгчидтэйгээ хамт зуун дамжин өвлөгдөх чанар, соёл, хөгжил бүтээх үнэ цэнийг тасралтгүй бүтээж байна.

Бид түүхт 50 жилийн ойн хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгууллаа.

НЭГ. ИМПОРТЫГ ОРЛОХ ЖИНХЭНЭ СҮҮНИЙ  “МОНГОЛ БЯСЛАГ, САРХАД”-ЫН ҮЙЛДВЭР

АПУ ХК дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлд 26 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, бяслагийн импортын хамаарлыг жинхэнэ сүүний Монгол бяслагаар орлуулах, сүүний сархдыг дэлхийд таниулах үйлдвэрийг өөрийн охин компани СББ ХХК-ийн 50 жилийн ойн босгон дээр нээлээ.

Үйлдвэрийн төслийн хүрээнд 2016 оноос судалгаа хийсэн бөгөөд Монгол Улс жилд 3000 тонн, нийт 102 тэрбум төгрөгийн бяслагийг гадны улс орнуудаас импортлож байгаагаас дийлэнх нь дуураймал буюу аналог бяслаг байдаг төдийгүй сүүний орц байхгүй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ихээр ашигласан байдаг.

АПУ ХК нь дуураймал бяслагийн импортын хамаарлыг бууруулж, органик бяслагаар дотоодын зах зээлийн 30 хувийг хангахаар зорьж байгаа төдийгүй орон нутагт 30 гаруй шинэ ажлын байр, эдийн засгийн томоохон эргэлтийг бий болгож, Голланд, Швейцарь, Англи зэрэг улсын бяслаг үйлдвэрлэх технологиос Монгол үнээний сүүнд тохируулан Монголд бяслаг үйлдвэрлэх технологийг нутагшуулан ийнхүү шинэ бяслагийн үйлдвэрээ байгуулж байна. Энэхүү бяслагийн үйлдвэр нь чеддар, эдам, гауда зэрэг 3 төрлийн бяслагийг үйлдвэрлэхээс гадна цэвэр сүүнээс гаргаж авсан цөцгийн тос, Монгол үндэстний шимийн сархад “Шигүдэри” брэндийг үйлдвэрлэн дэлхийн зах зээлд танилцуулж, экспортын бүтээгдэхүүний нэр төрлөө тэлэхийг АПУ компани ийнхүү зорьж байна.

“Монгол бяслаг, сархад”-ын үйлдвэр нь Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүүнхараад байрлалтай бөгөөд Мандал сумын малчдаас сүүгээ тогтмол татан авч, хамтран ажиллах замаар орон нутгийн хөгжилд мөн хувь нэмрээ оруулах юм.

 

 

ХОЁР. ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ СББ ХХК

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2023 оны 07-р сарын 07-ны өдрийн 101 дүгээр зарлигаар АПУ ХК-ийн охин компани Спирт Бал Бурам ХХК Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гардан авлаа.

Мөн АПУ ХК-ийн охин компани СББ ХХК-ийн 50 жилийн түүхийг бичилцсэн ажилтнуудын төлөөллүүдийн гавьяа зүтгэл, хөдөлмөрийг төр үнэлэн төрийн өндөр дээд шагнал, тэмдгээр шагналаа.

  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон – 1
  • Алтан гадас – 8
  • Хөдөлмөрийн хүндэт – 11
  • Үйлдвэр Худалдаа үйлчилгээний Тэргүүний ажилтан
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жуух бичиг
  • Үйлдвэр Худалдаа үйлчилгээний Тэргүүний ажилтан
  • ХХААХҮЯамны Жуух бичиг
  • Сэлэнгэ аймгийн Хүндэт тэмдэг
  • Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Хүндэт Өргөмжлөл
  • Эрчим Хүчний салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн медаль

 

50 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН НААДАМ

Улс, аймаг, сумын алдар цолтой 64 хүчит бөхчүүд барилдаж, 10 аймгийн 20 гаруй сумдын 320 морьд уралдаж, 229 эрхий мэргэн харваачид сумаа тавьж, 21 багийн 168 харваачид шагайн харваан цэц мэргэнээ сорьлоо.

БӨХ: Уран мэх, хүч чадлаараа АПУ компанийн бөх Улсын Арслан Б.Орхонбаяр аваргалж, Улсын Заан Н.Жаргалбаяр үзүүрлэлээ.

СУР ХАРВАА: Эрэгтэй сур харвааны төрөлд Архангай аймгийн мэргэн, Спортын мастер Д.Эрдэнэхүү түрүүлсэн бол эмэгтэй сур харвааны төрөлд Өвөрхангай аймаг, АПУ компанийн харваач Монгол Улсын Даян Мэргэн Б.Пунсалдулам түрүүллээ.

ШАГАЙН ХАРВААн төрөлд Сэлэнгэ аймаг, Монгол Улсын Үлэмж Дархан Мэргэн Л.Довчинбазар ахлагчтай Улаанбаатар төмөр зам баг түрүүллээ.

МОРЬ: Хурдын морьд 6 насанд уралдлаа:

  • Азарга насанд 47 морьд уралдсанаас Архангай аймаг Өгийнуур сум, Магсаржавын Отгонбатын Залаат Хээр
  • Их насанд 69 морьд уралдсанаас Сүхбаатар аймаг, Мөнххаан сум, Дарийжавын Эрдэнэбаатарын Ягаан
  • Соёолон насанд 36 морьд уралдсанаас Дорнод аймаг Матад сум, Д.Цогтжаргалын Хар
  • Хязаалан насанд 42 морьд уралдсанаас Сэлэнгэ мандал сум, Б.Алтансүхийн хонгор Халзан
  • Шүдлэн насанд Сэлэнгэ аймаг, Мандал сум, Б.Батзаяагийн Хээр
  • Даага насанд Төв аймаг Батсүмбэр сум, П.Буриадын Бор тус тус түрүүллээ.

 

Хагас зуунаар баталгаажсан хамтын үнэ цэнийг бүтээлцсэн та бүхэнд гүн талархал илэрхийлье.

 

#СоёлоорГоёно #ХагасЗуун #ХамтынҮнэЦэн #АПУ_СББ50

 

Categories
Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Онцлох Бид АПУ-чууд Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

Сүүний салбарт “Цагаан хувьсгал” хийх уриалга дэвшүүллээ 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдөр төрийн ордонд “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” боллоо.
Сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь шингэн сүүний нийлүүлэлт, тээвэр ложистикоос шууд хамааралтай бөгөөд малчин өрхийн амьжиргааг дэмжих анхан шатны боловсруулах үйлдвэрлэлийг бий болгоход чиглэн АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэр нь “МОНГОЛ САРЛАГ”- Гэр үйлдвэрлэлийн төслөө Архангай аймгийн Чулуут суманд өнгөрсөн оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Зөвлөгөөний үеэр цаашид сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хангамжийн НЭМҮҮ өртгийн сүлжээг цогцоор нь шийдэх гарц гаргалаа эрэлхийлж, сүүний салбарын “Цагаан хувьсгал” уриалгыг хэрэгжүүлэхийг АПУ ХК-ийн Төсөл эрхэлсэн захирал Г.Энхбилэг онцоллоо.АПУ ХК-ийн Төсөл эрхэлсэн захирал Г.Энхбилэг: “Цагаан хувьсгал” уриалгын хүрээнд сүүний бодлогын зөвлөл бий болгох, нэмүү өртгийн сүлжээний стратеги шинэчилж тогтоох, эрчимжсэн кластер ферм хөгжүүлэх, анхан шатны боловсруулах үйлдвэрт татварын хөнгөлөлт үзүүлэх, сүүний татаасны хугацааг нэмэгдүүлэх, сүүний үнээний импортыг нэмэгдүүлэх, хүүхдийн сүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх, орон нутаг дахь чанарын лабораторийг чадавхжуулах зэрэг найман уриалгыг бид дэвшүүлж байна.
АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэрийн Гүйцэтгэх захирал Г.Баярмагнай: “Сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн гол хэрэгцээ нь шингэн сүүний нийлүүлэлт бөгөөд малчид фермерүүдийг дэмжин ажиллаж, ойрын таван жилийн хугацаанд сүүний хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. “Цагаан хувьсгал” уриалгын хүрээнд дэвшүүлсэн арга замын хүрээнд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд дотоодын хэрэгцээг хангахад чиглэж, сүүний салбарын жишиг кластер ферм, дэд бүтэц, ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгох, цогцоор нь шийдэхэд анхаарч ажиллах шаардлага үүсэж байна. Үүнд АПУ ХК, АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэр хөрөнгө оруулалт хийж, Монгол хүний сүүний хэрэглээг 3-5 дахин өсгөх зорилготой ажиллаж байна.”
Categories
Онцлох Бид АПУ-чууд Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Uncategorized Мэдээ, мэдээлэл

#753 өдөр, @APUCompany-тай хамт

АПУ ХК болон дэлхийн топ үйлдвэрлэгчдийн нэг HEINEKEN нарын хүчирхэг менежментийн нэгдэл дэлхийд өрсөлдөх Монгол компанийг бүтээж байна.

Categories
Онцлох хэвлэлийн мэдээлэл Онцлох Бид АПУ-чууд Онцлох мэдээлэл Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК-ийн дэмжин ажилладаг “ФС УЛААНБААТАР” хөлбөмбөгийн багт 2017 оны шилдэг хамгаалагч О.ОЮУНБААТАР, 2023 оны анхны наймаагаар довтлогч О.МИЖИДДОРЖ нар нэгдлээ

АПУ ХК-ийн дэмжин ажилладаг “ФС УЛААНБААТАР” хөлбөмбөгийн багт 2017 оны шилдэг хамгаалагч О.ОЮУНБААТАР, 2023 оны анхны наймаагаар довтлогч О.МИЖИДДОРЖ нар нэгдлээ.
“ФС УЛААНБААТАР” хөлбөмбөгийн багт шинээр нэгдсэн тамирчдадаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.
АПУ ХК нь хөлбөмбөгийн спортын хөгжлийг дэмжих замаар залуучуудын эрүүл амьдралын хэв маяг, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор “ФС УЛААНБААТАР” хөлбөмбөгийн шигшээ багийг 9 дэх жилдээ дэмжин, хамтран ажиллаж байна.
Спорт бол бидний бахархал, эв нэгдэл, соёл, хамтдаа бүтээх гэрэлт ирээдүйн гүүр билээ.
Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Онцлох Бид АПУ-чууд Нүүр хуудасны онцлох мэдээ Uncategorized Мэдээ, мэдээлэл

“Алтан бөмбөг 2022” наадмын “ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТОГЛОГЧ”-оор АПУ ХК-ийн дэмжин ажилладаг “ФС УЛААНБААТАР” хөлбөмбөгийн багийн тамирчид тодорлоо

АПУ ХК-ийн дэмжин ажилладаг “ФС УЛААНБААТАР” хөлбөмбөгийн багийн тамирчид маань Монголын Хөл Бөмбөгийн Холбооны “Алтан бөмбөг 2022” наадмын “ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТОГЛОГЧ”-оор тодорлоо.
Шилдгүүдэд шалгарсан “ФС УЛААНБААТАР” багийн Б.Балжинням, Э.Мөнх-Эрдэнэ, О.Оюунбаатар нартаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.
АПУ ХК нь хөлбөмбөгийн спортын хөгжлийг дэмжих замаар залуучуудын эрүүл амьдралын хэв маяг, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор “ФС УЛААНБААТАР” хөлбөмбөгийн шигшээ багийг 9 дэх жилдээ дэмжин, хамтран ажиллаж байна.
Спорт бол бидний бахархал, эв нэгдэл, соёл, хамтдаа бүтээх гэрэлт ирээдүйн гүүр билээ.

 

Categories
Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Онцлох Бид АПУ-чууд Хэвлэлийн мэдээ Бид АПУ-чууд Мэдээ, мэдээлэл

Шинэ ажилтнууддаа зориулсан чиглүүлэх өдөрлөг амжилттай зохион байгууллаа.

АПУ ХК нь шинээр ажилд орж буй ажилтнууддаа зориулан тусгай өдөрлөг зохион байгуулж байгууллагын эрхэм зорилго, үнэт зүйлс, үйл ажиллагааны чиглэл, төсөл хөтөлбөрүүд болон цаашдын дэлхийд өрсөлдөх алсын хараагаа танилцууллаа.
Бид үйл ажиллагаандаа нээлттэй, ил тод зарчим баримталж ажилтан нэг бүрийг тасралтгүй хөгжүүлж, ажлын байрны таатай нөхцлийг бүрдүүлэн ажиллахыг зорьж байна.

АПУ ХК нь 2021 онд Монгол улсаас анх удаа “Great Place to work” буюу “Ажиллахад таатай газар” олон улсын гэрчилгээг хүлээн авсан билээ.
Бидний үнэт зүйлс:
✅ Бусдыг эрхэмлэн дээдлэ
✅ Суралц, Нээ, Хөгж
✅ Үлгэрлэн манлайл
✅ Уламжлалаа хүндэл, шинийг бүтээ
✅ Амжилт өөд хамтдаа
Categories
Онцлох мэдээлэл Онцлох Бид АПУ-чууд Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн өндөр түвшний уулзалтаар “Зохистой ажлын байр” сэдвээр хэлэлцлээ.

Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Өдрийг тохиолдуулан IWFCI Mongolia, Хүний Эрхийн Үндэсний Комисс, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага болон Монголын Ажил Олгогч Эздийн Холбоо тус тус хамтран зохион байгуулсан “Зохистой ажлын байр” сэдэвт өндөр түвшний уулзалтад АПУ ХК-ийн Захиргаа, Хүний нөөц эрхэлсэн захирал Ж.Ичинхорлоо оролцож ажлын байрны таатай бодлого, зохистой хөдөлмөр эрхлэлтийн төлөөх хүчин чармайлтаа танилцууллаа.

АПУ ХК нь Монголоос анх удаа “Ажиллахад Таатай Газар” Олон улсын сертификатыг хүлээн авсан бөгөөд ажлын байрны дарамт, хүчирхийллийн эрсдлээс сэргийлэх болон тохиолдлыг илрүүлэх, шийдвэрлэх олон төрлийн арга механизмыг хэрэгжүүлж байна.

Speak up, APU-Life зэрэг хөтөлбөрүүдээр дамжуулан ажлын байрын дарамт, хүчирхийлэл, авилга, ёс зүйн асуудлыг нээн илрүүлж, тухай бүрт нь шийдвэрлэхийн зэрэгцээ ажилтны нийгэм, сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлыг чухалчлан нэгдсэн бодлогоор хүн төвтэй менежментийн суурь зарчмыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Categories
Онцлох Бид АПУ-чууд Бид АПУ-чууд Мэдээ, мэдээлэл

Бидний туулсан замнал: “АПУ Дэйри” ХХК-ийн Үйлдвэрлэлийн менежер Ц.Сайнбаяр:

 

Миний аав Ө.Цэрэндэжид салбартаа нэр хүндтэй, олон ч бүтээн байгуулалтыг гардаж хийсэн механик инженер хүн байсан. Аав минь надад мэргэжлээ өвлүүлж, бас дээр нь “Залуу байхдаа маш сайн сурч мэдэж авах хэрэгтэй. Мэдэхгүй байгаагаа шууд хэлэхээс эмээж, ичих хэрэггүй. Шинийг сурч мэдэхэд тэмүүлж, нэг алдсан алдаагаа давтаж гаргахгүй байх нь чухал” хэмээн захиж үлдээсэн. Үүнийг би одоо ч эрхэмлэн бодож, бусдаас суралцах, мөн өөрийн олж мэдсэнээ хуваалцахыг хичээж яваа. Анх 2003 онд АПУ ХК-д ажилд ороход техник технологийн шинэчлэлтийн ажил ид эхлээд байсан. Хэрэв шинэ ажилд ороход хамгийн төгс цаг хугацаа гэж байдаг бол миний хувьд тэр нь тохиосон гэж боддог. Дэлхийд алдартай Германы техник технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэхэд АПУ-гийн ахмад, дунд, залуу үе цөм зэрэгцэн зүтгэсэн. Шинэ юм бүхэн хичээл байдаг. Бид дэлхийн технологиос суралцахын сацуу хичээл зүтгэлээрээ өөрийн болгож, шинэ технологийг хамтдаа нэвтрүүлж чадсан нь эргээд харахад бахархалтай санагдаж байна.

Шинэ төсөл, техник технологи нэвтрүүлэх үед бид гаднын мэргэжилтнүүдээс маш их зүйл сурч мэдэж авдаг. Тэдний ноу-хау тоног төхөөрөмж технологийг даган тэр чигтээ бидэнд орж ирдэг. Энэ бүгдийг сурч авна гэдэг бидэнд маш их боломж, мэргэжлийн хувьд өсөж дэвших их аз завшаан болдог.
Хамт олонтойгоо олон ч сайхан ажлын ард гарч байснаас шинэ Сүүний үйлдвэрийн төслийг онцлон дурдахыг хүсэж байна. Тухайн үед Ц. Эрдэнэбилэг захирлаар удирдуулан А.Мэндбаяр, Х.Орломжав дарга, Т.Сарантуяа ахлах технологич, Б.Нямбаяр ахлах инженер нартайгаа хамтран 2012 оноос эхлэн судалж, цаасан дээр анхнаас нь зурж эхэлсэн. Олон хувилбараар зурж төсөөлж, тоног төхөөрөмжийн сонголт, Олон улсын компаниудтай гэрээ хэлцэл хийх гээд тэр бүх хугацаанд маш их зүйл сурч авсан. Аавынхаа захиж хэлсний адил мэдэхгүйгээ нуулгүй хэлж, түүнийгээ сурч өөрийн болгохын тулд хичээн зүтгэсээр 2014 онд хуучин үйлдвэрийнхээ эцсийн бүтээгдэхүүнийг дуусган, өөрийн гар бие оролцсон цоо шинэ үйлдвэрийн эхний бүтээгдэхүүн гарахыг харж зогсож байлаа. Хуучин үйлдвэр маань 10 хүрэхгүй хүнтэй байсан бол одоо 100 гаруй хүнтэй өнөр өтгөн хамт олон болсон.

Үйлдвэр гэдэг тасралтгүй үргэлжилж байдаг амьд процесс. Тэр дундаа шингэн хүнс дотроо сүү бол хадгалах хугацаа богино, тусгай нөхцөл шаарддаг, хамгийн эмзэг бүтээгдэхүүн. Мөн бүх насныхан хэрэглэдэг учир чанар стандарт, эрүүл ахуйг маш сайн анхаарч хангах шаардлагатай. “Үнээний дэлэн амрах биш” гээд манайхан хоорондоо ярьдаг юм. Сүүний температур, бохирдлын үзүүлэлтээс хамааран богинохон хугацаанд шаардлага хангахгүй болох гээд байдаг тул маш хурдан шийдвэр гаргаж, боловсруулалт хийх, жигд ажиллагааг хангах гэхчлэн ур чадвар, хурд их шаарддаг. Энэ хэрээрээ сонирхолтой, сайхан ажил.

Анх ажилд ороод, залуухан инженер байхдаа олон жил ажилласан ах эгч нараа хараад яаж нэг газраа ийм удаан ажиллаж чадаж байна аа гэж гайхдаг байсан. Тэгтэл одоо өөрөө тэдний нэг болчихсон явж байна (инээв). Гэхдээ жаргалтайгаар гэж тодотгон хэлье. Миний амьдрал гэр бүл гээд бүх зүйл энэ хамт олонтой маань салшгүй холбоотой болжээ. Амьдралынхаа ханьтай энэ компанидаа учирсан, одоо гурван хүүхдийн аав, ээж болоод сайхан амьдарч байна. Миний амьдралын аз жаргалтай, зовлон гунигтай бүхий л үед энэ хамт олон цуг байсан.

Categories
Онцлох Бид АПУ-чууд Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: СББ ХХК-ийн Ерөнхий Инженер С. Ганболд

АПУ ХК боловсон хүчнээ нэн тэргүүнд тавьж, тэднийг хөгжиж дэвжих, шинийг суралцахад зориулж олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Би өөрийн ажил, мэргэжилтэйгээ хар багаасаа танилцсан азтай хүн. Ажлын талбартаа анх удаа очиход надад цоо шинэ орчин санагдаагүй. Учир нь ээж, аав хоёр маань Спирт комбинатад ажилладаг, энэ байгууллагын хүмүүс манайхаар орж гарч, би ч ажлаар нь хүүхэд байхдаа байнга очдог байлаа. Үйлдвэр маань аав ээжийн минь ид ажиллаж байх үед ямар байсан, одоо хэрхэн хөгжиж дэвшиж өөрчлөгдсөн бэ гэдгийг өөрийн биеэр харж яваа. 1996 онд Дулааны станцын ээлжийн засварчнаар ажилд орсноор энэ компанитай холбоотой миний бүтээх түүх эхэлсэн юм.

1998 онд манайх Спирт Бал Бурам ХХК болж хувьчлагдах үед би их сургуульд элсье гэж шийдээд ШУТИС-д шалгалт өгөөд тэнцсэн. За тэнцдэг юм байж, сургалтын төлбөрөө хэрхэн төлөх билээ гэж санаа зовж байтал тухайн үеийн гүйцэтгэх захирал Л.Элдэв-Очир дуудаад, компанийн үе дамжсан боловсон хүчин бэлдэнэ, чиний сургалтын төлбөрийг бид даана гэж хэлэхэд нуруун дээрээс хүнд ачаа авсан авах шиг болж, маш их баярлаж билээ. Зөвхөн би биш тэр үед компанийн олон ажилтны хүүхдүүдэд ийм боломж тохиож, одоо тэд маань ээж аавынхаа хийж байсан ажил хэргийг үргэлжлүүлэн яваа нь сайхан санагддаг. Сургуулиа төгсөөд компанидаа ажилд орж, Спиртийн үйлдвэрийн нүүрс хүчлийн цехэд савлагчаар ажлын гараагаа эхлэн, 2012 онд Ерөнхий инженер болтлоо дэвшиж, одоог хүртэл энэ албаа хашиж байна.

Өмнө нь үйлдвэрийн инженер байхдаа тоног төхөөрөмж засварлах, үйлдвэрийн хэвийн жигд ажиллагааг алдагдуулчихгүй юмсан гэдэгт л санаа зовнин ажилладаг байлаа. Харин Ерөнхий инженер болоод хүнтэй ажиллах, удирдах чадварт суралцах хэрэг гарсан. Тоног төхөөрөмжийг ямар ч аргаар засварлаад ажиллагаанд оруулж болно. Харин хүн болгон өөр өөр зан араншин, үзэл бодолтой байдаг. Хүнтэй ажиллахад хүмүүсээ хүндлэх, онцлог давуу талыг нь мэдэрч урам зориг, итгэл найдвар өгөх зэрэг нарийн чимхлүүр мэдрэмж, ур чадвар шаардагдана. Азаар манай хамт олон ажлаа гэх сэтгэлтэй, нэг зорилго дор нэгдэж чаддаг нь давуу тал болсон.

Манай компани хувьчлалаар “М-Си-Эс” группийн мэдэлд орсноор зах зээлийн үед компани ямар хэмжээнд ажиллаж, богино хугацаанд хэрхэн чадварлагаар амжилтанд хүрч болдгийг бодитоор харуулж чадсан гэж боддог. Дараа нь “HEINEKEN” компани манай хувьцаа эзэмшигч болсноор бид Олон улсын менежмент, ноү – хау, стандарт туршлагаас суралцан хөгжиж дэлхийн түвшинд ойртсон. Улмаар 2018 онд АПУ компанитайгаа нэгдсэнээр эх орныхоо шингэн хүнс үйлдвэрлэлийн түүхийг бичилцэж явна. Хувь тавилан биднийг үргэлж сайн сайхан зүгт чиглүүлээд байгаа мэт санагдсан он жилүүд байлаа.

АПУ ХК боловсон хүчнээ нэн тэргүүнд тавьж, тэднийг хөгжиж дэвжих, шинийг суралцахад зориулж олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Хүнээ хамгийн тэргүүнд, эрхэмд тавьдаг компани хэрхэн хөгжиж дэвжиж байдгийн бодит жишээ болж байгааг харж, мэдэрч амжилт өөд хамтдаа тэмүүлж явна.

Categories
Онцлох Бид АПУ-чууд Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: АПУ ХК-ийн Хуулийн албаны Хуулийн зөвлөх А.Анужин


АПУ ХК нь “Залуу хүмүүст итгэдэг, тэдэнд боломж олгодог, ирээдүйгээ бэлтгэхдээ онцгой анхаарал тавьдаг болохыг нь өөрөө орсон хойноо анзаарсан”.

Хүмүүс өөрсдийн эрхийг хамгаалах тухай хангалттай мэдлэггүйгээс үүдээд эрх ашиг, сонирхлоо хамгаалж чадахгүй тохиолдол их байдаг, хүний эрхийг хамгаалахад хуульч хүн хамгийн их хувь нэмэр оруулдаг тухай телевизийн ярианаас сонсоод надад их хүчтэй нөлөөлсөн. Ямар мэргэжил сонгох тухайгаа нухацтай бодсоны эцэст хуулийн чиглэлээр сурaхаар шийдсэн. Нийгмийн тухай мэдлэг хичээлээ голчлон бэлтгэж, хот, улсын олимпиадын тэргүүн байр эзэлж МУИС-ийн Хууль зүйн сургуульд урилгаар элсэн орж, өнгөрсөн жил олон улсын эрх зүйгээр мэргэшсэн эрх зүйч болж төгссөн.

Төгсөөд удалгүй АПУ ХК-ийн ажлын зар олж хараад, анкет бөглөсөн. Ийм том компани дөнгөж их сургуулиа төгссөн намайг авахгүй л байх даа хэмээн өөртөө итгэлгүй бодож байсан маань бодит байдал дээр өөрөөр эргэж, энэ сайхан хамт олны нэг хэсэг болсон. Залуу хүмүүст итгэдэг, тэдэнд боломж олгодог, ирээдүйгээ бэлтгэхдээ онцгой анхаарал тавьдаг болохыг нь өөрөө орсон хойноо анзаарсан. Ийм их итгэлийн хариуд би ажилдаа сул хандаж болохгүй, нямбай, сэтгэлээсээ ажиллах, бусдаас суралцах боломж бүрийг алдахгүй байх зэргийг өөртөө сайтар суулгахыг хичээдэг. Ирээдүйд олон олон залууст итгэл хүлээлгэн, боломж олгох нь миний ямар байхаас тодорхой хэмжээнд шалтгаалах юм шиг санагддаг учраас хариуцлагатай хандахыг өөртөө сануулдаг.

Анх ажилд ороод Хуулийн албаны Чанарын менежментийн ISO 9001:2015-д хамаарах үйл ажиллагааг хариуцахаар томилогдож, түүнтэй холбогдох бүхий л баримт бичгүүдийг таних, боловсруулах, хавтас бүрдүүлэх, компанийн ихэнх албадын үйл ажиллагааны хуулийн нийцлийг үнэлж, дүгнэх даалгавар авсан. Мэдээж ажлын талбарт гараад удаагүй надад мэдэхгүй, чадахгүй гэх олон зүйл гарч байсан ч хамт олныхоо тусламжтайгаар ард нь гарч, их зүйл мэдэж авсан. Хамгийн гол нь би шинэ, би залуу гэж өөрийгөө голж хойш суухгүй, оногдсон үүрэг даалгаврыг биелүүлж, тэр явцдаа өөрийгөө хөгжүүлэх нь залуу мэргэжилтнүүдэд хэрэгтэй санагдсан.

Ажил мэргэжлийн маань гол онцлог зүйл нь тухайн хүнээс маш их тэвчээр, хөдөлмөр, тууштай байдлыг шаарддаг. Түүнчлэн сэтгэлийн хаттай байх, бусдын эрхийг хамгаалахын тулд өөрийн мэдлэгээ үргэлж тэлж байх хэрэг гарна. Өглөө ажлын цаг эхлэхээс өмнө ирж, хувийн таатай орчноо бүрдүүлж, тухайн өдрийн хийх зүйлсдээ өөрийгөө бэлтгэдэг. Харин ажлын цаг дууссаны дараа тэр өдрийнхөө хийсэн ажлуудаа бүртгэж, дутуу зүйлсээ хянаад, өөрийгөө дүгнэж аваад ажлаасаа гарах дуртай. Энэ дундуур ажлынхантайгаа хэсэгхэн зуур ярилцаж, хөгжилдөх, түр гарч агаар амьсгалах зэрэг бяцхан амралтыг өөртөө зөвшөөрдөг. Ийм жижигхэн зүйлс ажлын гүйцэтгэлийг сайжруулах хамгийн том хөшүүрэг болдог гэж боддог.

Categories
Онцлох Бид АПУ-чууд Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: Хөрөнгө оруулалт, санхүүжилт хариуцсан ахлах менежер Ж.Ичинхорлоо

Дунд сургуулиа төгсөхдөө “Нийслэлийн шилдэг сурагч”-аар шалгарч, өөрийн хүссэн сургуульд, хүссэн мэргэжлээрээ суралцах боломж тохион, ээжийнхээ зөвлөснөөр санхүүгийн менежмент чиглэлээр суралцсан. Их сургуулиа амжилттай дүүргээд АПУ ХК-ийнхаа нэг хэсэг болж, анх цалин хөлсний эдийн засагчаар ажилд орж байлаа.

Эхний даалгавар маань компанийнхаа цалин хөлсний бодлого, журмыг шинэчлэх байсан. Бүх үйлдвэр, инженер, ложистик, захиргааны ажилтнуудын цалинг шинэчлэн тогтоохтой холбоотойгоор компанийнхаа бүхий л хүмүүстэй уулзах шаардлага гарч, энэ зуур ажил болоод ажилтнуудынхаа талаар олон зүйл ойлгож мэдсэн нь надад их сонирхолтой, бас туршлага суулгасан ажил байсан. Тэдний нарийн мэргэшсэн, маш туршлагатай, мэргэжлийн байгааг хараад өөрийн эрхгүй бахархаж, нөгөө талаасаа миний хувьд ажлаа маш сайн хийх, алдаж болохгүй гэх ташуур болсон болов уу.

Анх орсноос зургаан жилийн дараа, хоёр компани нэгдэхийн өмнө Австралийн топ 3 их сургуулийн нэг болох UNSW-ийн Олон улсын бизнесийн удирдлагын магистрын ангид суралцах боломж олдсон. Өөрийгөө хөгжүүлэх, ажил мэргэжлийн хувьд ахин нэг амьсгаа авч, дээрээс нь ажлын талбарт тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсныхаа дараа дахин суралцаж, шинэ мэдлэг мэдээлэл хуримтлуулах гайхалтай завшаан байлаа. Миний хувьд дан санхүүгийн нарийн мэргэжлээр ажиллаж байсан тул хувь хүний хөгжил, менежментийн ур чадвар сайжруулах зайлшгүй шаардлагатай нүүр тулсан байсан үе. Тиймээс Австралид сурсан гурван жилдээ хувь хүний хөгжил, бизнесийн стратеги болон менежментийн чиглэлд өөрийгөө илүү хөгжүүлэх гэж хичээсэн. Энэ шийдвэрийг маань компанийн хувьд ч их дэмжиж, одоо буцаж ирээд хоёр дахь жилдээ ажиллаж байна.

Ажил мэргэжил биднийг тодорхойлж, бид үүнээсээ байнга суралцаж байдаг гэдэг нь үнэн байх. Европын Сэргээн Босголт Хөгжил болон “Кредит Суиссе” банкнуудаас одоогийн сүүний үйлдвэр, автомат агуулах, шинэ пивоны үйлдвэрийн өргөтгөлтэй холбоотой санхүүжилтийг босгох ажлын хүрээнд төсөл тус бүрийн санхүүгийн тооцоолол, цаашлаад групп компанийн санхүүгийн таамаглалыг нэгтгэн боловсруулах ажлыг гүйцэтгэсэн нь миний хувьд хамгийн том, хариуцлагатай ажлуудын нэг байсан. Олон улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагч болон зээлдэгчдийн шаардлага, хүлээлтийг ойлгох, шинэ сүүний үйлдвэр болоод автомат агуулахын төслийн хувьд оргүй хоосноос шинэ төсөл боловсруулах, бүхий л оролцогч талуудтай хамтран ажиллах ур чадваруудад суралцах зэргээр хувь хүн болоод мэргэжлийн хувьд олж авсан зүйл их.Санхүүгийн менежментийн онцлог нь санхүүгийн эрүүл байдлыг хянаж байдаг эмч гэж би боддог. “Төгс, төгөлдөр, тунгалаг” байхын тулд компани санхүүгийн хувьд ч эрүүл, эрч хүчтэй байх ёстой.

Categories
Онцлох Бид АПУ-чууд Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: Шар айргийн үйлдвэрийн техникч Д.Мөнхтөр

Үйлдвэрийн цохилох зүрх болсон ажилтнуудын маань нэг, АПУ компанитай амьдралынхаа 39 жилийг холбосон техникч Д.Мөнхтөр ажил, амьдралын ололт амжилтаасаа хуваалцлаа.

Д.Мөнхтөр: Анх АПУ-д ороод удаагүй байхад багш маань надад газов бэлэглэж байлаа. Тухайн үед ажлын маань гол хэрэгсэл байв. Би чинь Орос техникүүд ид эрчтэй ажиллаж байх үед орсон юм. Одоо харин бүх юм Герман болж шинэчлэгджээ. Багшаасаа авч байсан тэрхүү бэлгээ өдгөө хэрэглэх аргагүй, бидний ажлын багаж хэрэгсэл ч өөрчлөгдөж илүү авсаархан амар болсон байна. Юм хэрхэн өөрчлөгдөж, дэвшиж буйг зөвхөн эндээс харж болохоор. 1982 онд Хүнсний ТМС төгссөн хүү анх АПУ-гийн босгоор алхсанаас хойш 39 жил өнгөрч, энэ зуур компанийнхаа гурван үеийн түүхийн гэрч болжээ. Намайг анх ороход Архи, пивоны комбинат гэсэн нэртэй байсан бол хожим АПУ хувьцаат компани, одоо бол Absolute, Pure, Unique буюу Төгс, Төгөлдөр, Тунгалаг гэсэн утга бүхий их сайхан нэртэй компани болов. “Цаг хугацаа хурдан юм аа” гэж хүмүүсийн ярьдгийг одоо л ухаарч байна. Ажилд анх орж байсан үе маань саяхан мэт санагдавч хэдийнээ 39 жил өнгөрчээ. Ухамсарт амьдралынхаа талаас илүүг хуваалцсан учраас АПУ маань миний гэр бүл шиг болж, хойтон гавьяаныхаа амралтанд сууна гэхээр санаанд багтаж өгөхгүй сонин байх юм. Энэ зуур би цэрэгт явснаас өөрөөр АПУ-гаасаа холдоогүй юм байна.

 

Олон сайхан дарга, багш нарынхаа тус дэм, заавар зөвлөгөөгөөр өөрийгөө өөд татаж, компанитайгаа цуг суралцсаар, дэвшсээр иржээ. Одоо бол 1982 онд ТМС-ээ төгсөөд хамт орж байсан Батзориг бид хоёр компанийнхаа хамгийн ахмад ажилчдын нэг болсон байна. Алтан дарга, Ганжав инженер, хамт ажиллаж дотноссон талийгаач Алтангэрэл найз, Адам, Йосеф гээд хоёр Герман мэргэжилтэн гээд дурсах, бахархах хүмүүс олон доо. Алтан дарга маань “АПУ бол алтан босготой, тосон хаяатай сайхан газар даа” хэмээн бахархан хэлдгийг нь залуу мэргэжилтэн, хамт олондоо хэлмээр санагдлаа. Үнэхээр ч ач өгөөжөө өгсөн сайхан газар. Хүү маань ч энэ үйлдвэрт хэсэг ажиллаад, амьдралынхаа ханийг эндээс олсон сайхан түүх бий.

Тоног төхөөрөмжийн засварчид гэдэг бол мэс заслын эмч нар гэсэн үг гэж би хэлэх дуртай. Том том техник, төхөөрөмжүүдэд асуудал гарахад яг л мэс заслын эмч шиг задалж, оношилж, зөв гольдролд нь оруулна. Энэ хугацаанд би арав гаруй шавь бэлтгэжээ.Шинэбаяр шавь маань одоо миний дарга хийдэг. Шавь нь өөрийг нь мэдлэг чадвараараа гүйцэн удирдана гэдэг хэн хүнд олдохгүй сайхан, бахархалтай хэрэг шүү. Намайг ажилд орох үед таван жилийн төлөвлөгөөний дагуу ажилладаг байсан. Одоо бол цаг мөчтэй уралдан, байнгын бэлэн байдалд ажиллахыг хөгжил дэвшил биднээс шаардаж байна. Эргээд харахад байнга л шинэ зүйлийг сурч, суралцсаар 39 жилийг өнгөрөөжээ. Анх техникийн хэл бүгд Оросоор байсан бол одоо Герман, Англи боллоо. Залуу мэргэжилтнүүддээ зааж, зөвлөж явсан бол одоо эргээд тэднээсээ суралцаж байна. Бүх юм өөрийн гэсэн ээлжтэй. Сурсан мэдсэн туршлагаа залуустаа зааж, сургаад тэд маань бидний хамтдаа бүтээсэн АПУ-гийн түүхийг цааш бичих болно. Миний хувьд одоо хойтон тэтгэвэрт гарахаасаа урьтаад үйлдвэрийнхээ программын Англи хэлийг нь бүрэн өөрийн болгочих хүсэлтэй байгаа. Манай залуус бол программуудаа хараад “yes, yes” гээд л өнгөрдөг юм. Би ядаж нэг тийм зэрэгтэй болчих санаатай (инээв).

Categories
Онцлох Бид АПУ-чууд Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: АПУ ХК-ийн Борлуулалтын газрын дарга В.Чинбаатар

Би уг нь офицер цолтой цэргийн хүн. ЦИС/хуучнаар/-ийг төгсөх үед цаг үеийн байдал өөрөөр эргэж, амьдралын шаардлага ч өөрчлөгдсөн. Багаасаа килограммын хиам, чихэр бөөндөж ТҮЦ-нд жижиглэнгээр зардаг байсан үеэс өөрийгөө борлуулалтын чадвартай гэдгийг мэдэрсэн. Тиймээс энэ салбарт эргэлт буцалтгүй хөл тавьсан. 2005 оноос “MCS-APB” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж, Азийн шилдэг брэнд Тайгер шар айргийг Монголын зах зээлд таниулах ажлыг эхлүүлж байлаа. Компани маань 4 худалдааны төлөөлөгчтэйгөөр л эхэлж хотыг баруун, зүүн гэж хоёр хувааж аваад худалдаа үйлчилгээний байгууллагуудаар орж борлуулалтаа хийдэг байсан. Анхандаа харилцагчид ширхэгээр нь худалдаж авна. Шинэ харилцагчтай болохоороо хачин их баярлаад л. Лаазаар нь цамхаг өрж маркетинг хийнэ. Тухайн үед СББ компанийн түгээлтээр түгээлгэдэг байсан болохоор ачааллаасаа шалтгаалаад цөөхөн хэдэн захиалгыг маань хүргэж амжихгүй, би зарим үед хувийн машинаараа түгээлт хийдэг байлаа. Ингээд жилийн дараа гэхэд машин маань эвдэрсэн ч, компани өргөжсөн. Дараа нь Герман ‘Брьюмастер’-ын бүтээл Сэнгүр брэндийг бүтээхэд манай багийнхан гар бие оролцож, Монголын №1 борлуулалттай бүтээгдэхүүн болгож чадсан. Цэргээс сурсан хатуужил, дэг журам борлуулалтын багаа амжилттай удирдахад нөлөөлсөн байх. Борлуулалтын салбар ч гэсэн хагас цэргийн зохион байгуулалтаар ажилладаг. Би сүүлийн 15 жил нэг хором ч утсаа унтрааж үзээгүй.

Энэхүү 15 жилийн хугацаанд компаниудынхаа нэгдлүүдийн үйл явцад хоёр ч удаа гар бие оролцож, нэгдлийг амжилттай болоход нь хувь нэмрээ оруулж ажилласан. Компаниудын нэгдлийн үеэр манай багийнхан тарж бутралгүй анх байсан тэр хэвээрээ хоёргүй сэтгэлээр зүтгэсээр байна. Албаны дарга болох хүртлээ худалдааны төлөөлөгч, түгээлтийн менежер, ахлах ажилтан, орон нутаг болон гадаад суваг хариуцсан менежер гээд дамжиж болох бүх шатаар алхаж, зарим жилүүдэд хоёр ажил давхар хийдэг байлаа. Тэр их ачаалал дунд баг хамт олон минь хамгийн том дэмжлэг болж байсан. 15 жилийн хугацаанд миний удирдлагын багаас гарсан хүн тун цөөн. Борлуулалтынхан маань намайг дарга гэхээс илүүтэй “Баатараа ахаа” гэж дотночилж дууддаг юм. Удирдлагын зарчмаа барихаас гадна би баг хамт олонтойгоо найз шиг нь байхыг эрмэлздэг. Тэд үгүй бол би хэн ч биш л гэж боддог. Энэ баг хамт олныг тогтвортой ажиллахад АПУ компанийн ажилчдаа дэмжиж урамшуулдаг, боловсон хүчнээ тогтвортой ажиллуулахыг дэмждэг бодлого хамгийн их нөлөөлдөг.

Миний хобби бол хөлбөмбөг. Хөлбөмбөг шар айраг 2 салшгүй холбоотой. 2005 онд ажилчдынхаа дундаас хөлбөмбөгийн баг бүрдүүлж байгууллагын тэмцээндээ орж эхэлсэн. Баг маань улам бүр хөгжиж байгаа. 2018 онд АПУ компанийн Гүйцэтгэх захирал маань санал болгосны дагуу компанийнхаа ивээн тэтгэдэг Монголын дээд лигийн “FC Ulaanbaatar” хөлбөмбөгийн багийн Гүйцэтгэх захирлаар давхар ажиллаж байна. Ажлыг багаас нь эхэлж, тууштай ажиллаад гаргасан амжилтаа эргээд харахад бахдам сайхан байдаг…