Categories
Бид АПУ-чууд Мэдээ, мэдээлэл

Бидний туулсан замнал: TIGER Инженеринг менежер Ө.Оюунбаяр

Story Behind Us: TIGER Шар айргийн үйлдвэрийн Инженеринг менежер Ө.Оюунбаяр

“Их сургуулиа төгсөөд хоёр сарын дараа анхны ажилдаа орох гээд ярьчихсан, бүр диплом анкетаа бариад алхаж явлаа. Гэтэл манай сургуулийн профессор залгаад дэлхийд алдартай HEINEKEN-ийн хөрөнгө оруулалттай үйлдвэрт ажлын байр байна гэнэ, шинэ төгссөн сайн оюутнаасаа явуулаач гэнэ гэхээр нь зүгээ өөрчлөөд шууд тийш явсан нь одоо бодоход амьдралыг маань өөрчилсөн алхам байсныг тэр үед яаж мэдэх билээ.

Ажлын ярилцлагын дараа намайг авах эсэх хариу гартал 21 хоносон. Дараа нь сонсоход инженерийн албанд эмэгтэй хүн тохирох болов уу гэдэг тухай байсан юм билээ. Тэгээд ажилд орох болоход “Бид чамтай эмэгтэй инженер гэж харьцахгүй. Инженер хүмүүстээ тавьдаг тэр л шаардлагыг тавьж ажиллана. Амжилт хүсье!” гэсэн товчхон яриа болж байсан. Үнэхээр ч өнөөдрийг хүртэл ажиллахдаа хүйсийн давуу, сул тал ажилд маань гараагүй. Үйлдвэрийн өндөр гэрлүүдийг солихоор угсармал урт шатан дээр гарах үед сандрах, өөрөө өндрөөс айдаг болохоор эвгүй санагдах үе байсан ч гэлээ “би эмэгтэй хүн” гэж бусдыг гуйхгүй, харин би инженер хүн, энэ миний хийх ёстой зүйл гэж өөрийгөө зоригжуулдаг байсан. Анх цахилгаан автоматын техникчээр ажилд орж байсан бол одоо Инженеринг менежер болж дэвшсэн. АПУ компанийн TIGER үйлдвэрийн Инженерийн албыг ахалж байгаа.

Багийнхаа хамт томоохон олон төслийн ард гарч, өдийг хүртэл урам зоригтойгоор ажлаа хийж байгаа маань надад сайхан санагддаг. Өөрийгөө хөгжүүлэх, өсөж дэвжих боломж бүрийг алдахгүйг хичээдэг. Миний хувьд Сингапур, Тайланд, Малайз зэрэг орны HEINEKEN-ийн үйлдвэрүүдэд сургалтанд хамрагдаж, туршлага судалж байсан. Дэлхий дамнасан томоохон компанийн стандартаас суралцаж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлнэ гэдэг залуу хүнд тэр бүр олдохгүй ховор боломж. Олон улсын туршлагаас суралцаад, мөр зэрэгцээд ирэхээр Монгол хүн дэлхийн хаана ч ажиллах чадвартай гэдгийг мэдрэх бахдам сайхан. Дэлхийн стандарт гэдэг үг одоо бидэнд хол сонсогдохоо больсон.

Байгальд ээлтэй үйлдвэрлэл явуулах нь манай компанийн хамгийн том зорилгуудын нэг. Миний хувьд цахилгаанаа хэмнэх нь байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг бууруулах өдөр тутмын хамгийн чухал дадал санагддаг. Тийм учраас “Гэрлээ унтраагаарай” гэдэг үг миний ажил дээрээ хамгийн их хэлдэг үгсийн нэг байх (инээв). Манайхан заримдаа шоолоод танай хүүхэд “Гэрлээ унтраа” гэж хэлд орсон байх аа гэдэг юм. Ариун цэврийн өрөө ороод гарахдаа, ажлын өрөөнөөсөө түр гарсан ч гэсэн гэрлээ унтрааж хэвших, том заал даяар биш зөвхөн шаардлагатай хэсгийн гэрлийг ашиглах зэргээр дадал болгох нь хувь хүний байгаль орчинд үзүүлж буй хамгийн том эерэг нөлөөлөл.

Хувь хүний мэдлэг, чадвар ахиж, байгальд ээлтэй, дэлхийдээ хайртай үйлдвэрлэл явуулж, ажил үйлстэйгээ хамт өсөж өндийнө гэдэг залуус бидний хувьд хамгийн бахдам хэрэг шүү дээ.”