Categories
Story Behind Us Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: Т. Түмэнжаргал Савлалтын үйлдвэрийн дарга

Т. Түмэнжаргал Савлалтын үйлдвэрийн дарга

Арван жилийн сургуулиа онц дүнтэй төгсөөд, гадаадын хуваарь авах хүсэлтэй байсан ч яг тэр үед ЗХУ-д ардчилал болоод ээж аавынхаа зөвлөснөөр ШУТИС-ийн Хүнсний технологийн ангийг сонгон орж байлаа. Тэр жилийн элсэлтийн хүүхдүүд Исгэлтийн технологич инженер мэргэжлээр дотооддоо сурсан анхны оюутнууд болж байв. Жирийн арвай будааг дэвтээж ургуулаад, хөрөнгөөр исгээд, зөрөг цэцгээр амтлаад шар айраг болгодог технологи, тэр процесс их сонирхолтой санагдаж энэ мэргэжлээр суралцсан.

Оюутан байхдаа II курсээс эхлэн АПУ компанийн Шар айргийн үйлдвэрийн исгэлтийн цех, дарсны цехэд дадлага хийж, хожим Архины үйлдвэрээс ажлын гараагаа эхэлсэн. 2003 онд Дарсны цехийн мастераар томилогдон Химийн хүрээлэнгийн эрдэмтэн Дамдин гуай, олон жил ундааны ханд болон найрлага бэлтгэх хэсэгт ажиллаж байсан Оюунчимэг, Дашзэвэг эгч нартайгаа хамтран эх орныхоо зэрлэг жимс аньс болон таримал үхрийн нүд жимсийг уламжлалт аргаар ариутгаж исгэн “Жимсгэнэ” дарсыг үйлдвэрлэх ажилтай холбогдсон нь одоо эргээд харахад сонин сайхан түүх.

Тэр үедээ л анх удаа жинхэнэ дарсны өндөр хүзүүтэй шилэнд үйсэн бөглөөгөөр бөглөн хэрэглэгчдээ хүргэж байсан. “Жимсгэнэ” дарсаа шинэ жилийн өмнө үйлдвэрлэх болоод бөглөгч машин нь ирээгүй байхад гараараа бөглөх гэж хөглөж байснаа дурсах дуртай. Үйсэн бөглөөгөө усанд дэвтээж, үрж нарийсгаад бөглөх, резинэн алхаар цохиж оруулах гэх мэтээр олон янзаар туршиж бүтэлгүйтсэн хөгжилтэй түүхүүд ч бий. Дарсны цехийнхэн, ачигч нарыгаа удирдаад ямаахайн үндэс, аньсны навч түүхээр хөдөө хээр хүрз бариад ачааны машин дээр шижигнүүлж явсан. Энэ бүхэн компанийн хувьд ч тэр, бидний хувьд ч тэр эргээд харахад сайхан дурсамж.

Би ууланд авирах дуртай. 2015 онд ажиллагсдынхаа чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, ажиллагсдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 11-н сонирхлын клуб байгуулж байсны нэг нь “APU Hiking Club”. Тэр үеэс хойш одоог хүртэл энэ клубийнхээ Админаар нь ажилладаг. Гималайн нурууны далайн төвшнөөс дээш 6000м өндөртэй Им Жа Цэ болон Лобуче гэсэн хоёр том оргилд гурав хоногийн зайтай амжилттай авирч, компанийнхаа тугийг мандуулж байсан. Энэ авиралтад компанийн удирдлагууд хамт олон маань маш их дэмжсэнд одоо ч баярлаж бахархаж байдаг.

2019 онд манай клубийн идэвхтэй алхдаг гишүүдээс бүрдсэн баг Монгол Улсын дээвэр болох Алтай Таван Богдын Хүйтэн оргилд Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаагийн удирдлага дор амжилттай авирсан. Тэгж явсаар 2020 онд манай клубийн дөрвөн гишүүн уулын холбооны “Дөрвөн бэрх” цомын эзэн болсон. Энэхүү цом нь Монгол Улсынхаа дөрвөн том нуруу /Алтай, Хангай, Хэнтий, Саяны нуруу/-ны ноён оргилд амжилттай авирсан ажилтанд олгодог шагнал юм.

Миний хувьд олон жил тогтвортой ажиллан, олон олон асуудал бэрхшээл, шинэ боломжууд дээр тасралтгүй суралцсан нь өндөр ууланд авирах тэсвэр тэвчээр, тасралтгүй урагшлах эрч хүч, хамтрагч нартаа итгэж хамтдаа даван туулах итгэл, өөртөө итгэлтэй хувь хүн болоход нөлөөлсөн гэж боддог. Манай үйлдвэрүүд тасралтгүй 24 цагаар ажилладаг. Ус ундаа, шар айраг, сүү сүүн бүтээгдэхүүн гээд олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учраас цаг маш хурдан өнгөрдөг. Гэсэн ч ажлын цагтаа бүтээмж өндөртэй ажиллан, амралтын цагаа гэр бүл болон өөртөө зориулахыг хичээдэг.

Компани маань тасралтгүй хөгжиж, өөрчлөгдөж байдаг учраас дасан зохицох, өөрчлөлтөд үргэлж бэлэн байх чадвар чухал санагддаг. Компанийн маань үйл ажиллагааны өөрчлөлт бүр бидний хувьд хөгжил дэвшлийг авчирч, хамт олон руу чиглэсэн олон хөтөлбөр, санаачилга ажлууд нь уйдах завдал олгодоггүй.