Categories
Story Behind Us Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал : А.Мэндбаяр АПУ ХК-ийн Импортын албаны дарга

A Story Behind Us : А.Мэндбаяр АПУ ХК-ийн Импортын албаны дарга

Би дунд сургуулиа төгсөөд тухайн үеийн БНАГУ-ын Берлин хотын Эдийн засгийн дээд сургуульд сурахаар явсан. Эргээд бодоход тэнд 12 жил сурч, амьдарсан байна. Энэ он жилүүд бол зөвхөн миний хувьд төдийгүй хүн төрөлхтний түүхийн хамгийн сонирхолтой, адал явдалтай үе байсан. Социалист систем нуран унаж, хоёр Герман нэгдэх үйл явцыг яг дэргэдээс нь харж мэдрэх боломж тохиож байлаа. Улмаар социалист Германд сурахаар очоод капиталист Германаас гадаад худалдааны эдийн засагч мэргэжилтэй болоод буцаж ирсэн.
Эргээд эх орондоо ирэхэд олон ч зүйлс өөрчлөгдөж, зах зээлийн сонирхолтой өрсөлдөөн, шинэ оролдлогууд хэдийнээ эхэлчихсэн байсан. Энэ дунд АПУ хувьчлагдаж, техник технологио бүрэн Германых болгон шинэчлэх томоохон, зоригтой шийдвэр гарч, надад ажиллах санал тавьсан. Миний хувьд Германд яг энэ чиглэлээр суралцаж төгсөөд ирсэн болохоор татгалзах зүйл байгаагүй. Тухайн үед техник, технологио бүрэн Герман болгох бидэнд “томдсон” ажил байлаа. Германы компаниудтай нэг түвшинд харьцаж, өөрсдийнхөө нөөц бололцоо, чадварлаг ажиллах хүчийг бий болгох, тэдэнтэй сэтгэлгээний хувьд нэг ижил огтлолцолд байж, гэрээ хэлэлцээрийг хоёр талдаа ашигтайгаар шийдэх зэрэг олон ур чадвар, гүйцэтгэлийг биднээс шаардсан ч хамт олныхоо хүчээр бид болгож, бүтээж чадсан. Энэ бол их алсыг харсан, өдгөө их наяд төгрөгийн үнэлгээтэй компани болох эхлэлийг тавьсан маш чухал, түүхэн шийдвэр болоод гүйцэтгэл байсан даа.
Бидний түүхэнд олон томоохон бүтээн байгуулалт бий ч Автомат агуулахын төсөл, Шар айрагны болон Сүүний үйлдвэрийн гэх гурван төсөл хөрөнгө оруулалтын талаас болон ач холбогдлоороо хамгийн том нь байсан болов уу. Миний хувьд аль алинд л ажилласан. Энэ дундаас Автомат агуулахын төсөл хамгийн том, бас тэр хэрээр адармаатай нь байсан санагдаж байна. Яг үнэндээ тухайн үед бидний хувьд ойлгоход хэцүү, цоо шинэ бизнес. Эрдэнэбилэг захиралтай хамт Германы маш олон үйлдвэртэй очиж танилцсан. Технологийн үг хэллэг нь ч бидэнд харь хэлийн байсан тул Эрдэнэбилэг захирал бид хоёр олон ч орой дэлгэц харан сууж, ойлгохын тулд чамгүй хичээл зүтгэл гаргасан даа. Автомат агуулахын төсөл нь бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн эцсийн хэрэглэгчид очсон ч бид хянаж чадах, хэзээ ямар дамжлагаар хэний ээлжинд хийсэн бэ гэдгийг нь тодорхойлох, том агуулгаараа бол хүнсний аюулгүй байдалтай шууд хамаарах хариуцлагатай чухал ажил. Хоёр жилийн уйгагүй зүтгэлийн дүнд автомат агуулах маань босч, бодит байдал дээр биелэлээ олсон. Одоо ч хараад энэ бүхнийг бид өөрийн болгож чадсан шүү гэж бодохоор сэтгэлд өег байдаг.
Германчуудтай хамтарсан төслүүдээр дамжин манай инженер, ажилтнууд маань мэргэжлийн хувьд их өсч дэвшсэн. Манайхан ч юмыг ойлгож, хүлээн авч өөрийн болгохдоо мундаг сурамгай. Сүүлдээ цахилгааны болон механик угсралтуудаа бид өөрсдөө гардан хийж, германууд зөвхөн зөвлөх маягтай ирдэг болсон.
Одоо миний хувьд импортын бизнес дээр ажиллаж байгаа. 2015 он хүртэл бид импортын бизнес эрхэлдэггүй байсан. Хэдий зуун жилийн түүхтэй ч энэ талбарт манайх нялхаараа байсан гэсэн үг. Хүмүүсийн хэрэгцээг мэдэх, гадаад болон дотоод зах зээлийн талаар үргэлж мэдээлэлтэй байх, соёлын хувьд нэг долгионд байх, шинэ хандлага хэрэгцээнд мэдрэг хандах зэрэг олон ур чадвар, хандлагыг ажлаасаа сурч байна.
Ажил олгогч болоод ажилтан хоёул сэтгэл хангалуун байх win-win харилцаа бүрдвэл тухайн компани зөв зам дээр яваа эсэхийг нь тодорхойлж болно гэж боддог. Сэтгэл хангалуун ажилтнаас үр дүнтэй сайн гүйцэтгэл гарна. Энэ нь эргээд компанийн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг.