Categories
Story Behind Us Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: Н.Нямсүрэн Цалин хөлс, гүйцэтгэлийн албаны дарга

A Story Behind Us: Н.Нямсүрэн Цалин хөлс, гүйцэтгэлийн албаны дарга

АПУ ХК-д анх 2002 оны зун Борлуулалтын нягтлан бодогчоор ажилд орсон. Компани маань хувьчлагдаад удаагүй, ачаалал их байсан үе таарч яг өмнө минь орсон хүн нэг өдөр ажиллаад л гарчихсан байсан. Залуу ч байж, ажлын ачаалал зэргээс болоод би долоо хоног ажиллаад гарах бодолтой байгаагаа даргадаа хэлтэл намайг зоригжуулж, тайлан тооцоо тооны хувьд чамд том харагдаад байгаа боловч яг учрыг нь олчихвол тийм ч хэцүү биш, харин ч илүү сонирхолтой, мэргэжлийн хувьд ч ахиж дэвших бүрэн боломжтой гэж хэлээд сарын дараа дахин уулзах санал тавьсан. Тэгтэл өнөө нэг сар маань явсаар өдгөө 20 жил болчихсон байна шүү.
2003 оноос таван жилийн дотор маш том бүтээн байгуулалтууд явагдаж, таван ч үйлдвэр бүрэн шинэчлэгдсэн. Санхүүгийн системүүд ч дагаад өөрчлөгдөх хэрэгтэй болж, салангид байсан тэр олон тооцооны схемийг холбох санхүү бүртгэлийн шинэ системийн анхны суурийг Лхагва ахлах бид хоёр хийж байлаа. Гараар гаргадаг байсан бүх тайлан автомат болж, санхүүгийн системтэйгээ холбогдсон. Одоо төхөөрөмж нь л өөрчлөгдсөн болохоос тэр систем маань хэвээрээ байгаа. Үйлдвэрүүд шинэчлэгдэж, бидний үйл ажиллагаа ч дагаад томрох үед хамт олон маань миний, чиний ажил гэж ялгахгүйгээр бүхий л зүйлд сэтгэл, зүрхээ зориулан оролцож байсан. Шар айргийн үйлдвэрийн суурийг тавьж байхад дарга, цэрэггүй бүгд л шороог нь зөөлцөж, талбайг нь цэвэрлэнэ. Хэн нэгнийг хүчлэх, дургүйлхэх ямар ч зүйл байхгүй. Одоо эргээд харахад энэ том том үйлдвэрүүдийг босголцоход хүн нэг бүрийн оролцоо байсан шүү гэж бодохоор дотно, сайхан байдаг.
Энэ томоохон өөрчлөлтүүд биднийг хувь хүний хувьд болоод мэргэжлийн хувьд өсч дэвжихэд их нөлөөлсөн. Санхүүгийн систем нийлүүлдэг компаниуд системийн шинэчлэлт, эсвэл шинэ хувилбар гаргахдаа эхлээд манай АПУ ХК дээр нэвтрүүлдэг жишиг ч тогтсон. АПУ дээр бүрэн тестлэгдсэн гэдэг нь найдвартайг илтгэх хэмжүүр, нэр хүндийн баталгаа болдог гэхээр манай хамт олны ур чадвар, чанар, хариуцлага хэр вэ гэдэг нь харагдаж байна хэмээн бахархан боддог юм.
Эхэн үед манай хөрөнгө оруулалт техник, тоног төхөөрөмж, шинэ бүтээн байгуулалтууд руу чиглэж байсан бол одоо хүнээ хөгжүүлэх, хүн төвтэй хөрөнгө оруулалт руу шилжиж байгаа. Ажилтнуудынхаа ачааллыг багасгаж, бүтээмжийг нь нэмэгдүүлж хувь хүнийг хэрхэн хөгжүүлж, ур чадварыг нь дэмжих вэ гэдэгт голлон анхаарч байна. Миний хувьд ч манлайлах ур чадвар, багийн удирдлага гэсэн чиглэл рүү илүү сурч, өөрийгөө хөгжүүлье гэж зорьж байгаа.
Намайг залуу нягтлан байхад тухайн үеийн Санхүү хариуцсан захирал маань шинэ зүйл суралцахыг их зөвлөдөг байсан. “Хүний сурсан мэдсэнийг хэн ч булааж чадахгүй, одоо чи зовж байгаа юм шиг боловч өдөр өдрөөр чи өсөж, хөгжсөөр байгаа. Тэрийг цаг тухайд нь мэдрэх боломжгүй, бас тэгэх гэж ч бүү яар. Тодорхой хугацаа, тодорхой шалгуурууд, амьдралынхаа аль нэг цэг дээр очоод эргээд харахад ямар хол зам туулж, юу юу өөртөө шингээж, нээж олж авснаа мэдрэх болно” гэж хэлдэг байсан. Тэр үгсийн утга одоо илүү тод бууж байна.