Categories
Story Behind Us Бид АПУ-чууд Нүүр хуудас - мэдээ

Бидний туулсан замнал

АПУ ХК-ийн Агуулах, тээвэр, түгээлтийн албаны агуулахын ахлах менежер Ш.Энхсайхан

АПУ ХК-ийн Агуулах, тээвэр, түгээлтийн албаны агуулахын ахлах менежер Ш.Энхсайхан:
Би 1992 онд АПУ ХК-ийн Шар айргийн үйлдвэрийн савлах цехэд савлах машины оператораар ажлын гараагаа эхлэн одоог хүртэл анхан шатнаас нь тасралтгүй ажиллаж, өөрийн ажил амьдралын түүхээ энэ хамт олонтойгоо бичиж явна. Энэ зуур борлуулалтын хэлтсийн менежер, Үйлдвэрлэл, диспетчерийн хэлтсийн Шил савны тасгийн дарга, ХББЗГазрын ахлах менежер, Ложистикийн албаны даргаар ажиллаж, 2018 оноос Агуулах, тээвэр, түгээлтийн албаны ахлах менежерийн ажлыг гүйцэтгэж байна.
Анх компанидаа ажиллаж байгаад мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэхийн тулд МУИС-ийг хүнсний эрүүл ахуйн мастерийн зэрэгтэй төгссөн. Энэ чиглэлээрээ ажиллах сонирхол байсан ч борлуулалт, ложистикийн салбарыг сонгоод 23 жил тасралтгүй ажилласан байна. Агуулах, тээвэр, түгээлт гэдэг бүрэн утгаараа үйлдвэрийн эхний болоод эцсийн цэг болдог учраас маш хариуцлагатай, тэр хэрээр сонирхолтой ажил байдаг. Түүхий эд, материалаа хүлээн авах, хадгалах, үйлдвэрт нийлүүлэх, бэлэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн гарт түгээн хүргэх энэ бүх үйл явцыг хариуцан, зохион байгуулна гэсэн үг. Энэ утгаараа манай багийн ажил компанийн маань шуурхай, найдвартай, бэлэн байдлын нүүр царай болдог юм. 24/7 тасралтгүй ажиллах үйлдвэрлэлийн гол судас нь ч гэж хэлж болохоор санагддаг.
Ажил үүргийнхээ онцлогоор шалтгаалан цаг агаарын ямар ч нөхцөл, гэнэтийн үйл явдал, өдөр шөнийн алинд ч бэлэн байдаг шижигнэсэн залуусын маань нуруун дээр манай алба тогтдог. Багийн ажиллагаа гэдэг бидний хувьд хамгийн чухал учраас нэг хүн мэт нэгдэн, хамтын хүчийг нийлүүлэн нэгэн зүгт залахыг гол болгон ажилладаг. Байгууллагын хүссэн үр дүнд хүргэх процессыг хөдөлгөгч хүч нь хүн учраас хамтран ажилладаг ажилтан бүрийн итгэл хүндлэлийг хүлээсэн хамтрагч байхыг би хувьдаа хичээдэг.
Дуртай ажлаа хийж байгаа хүн жаргалтай байдаг. Жаргалтай ажилтан олон байдаг газар ажлын орчин, хамт олны уур амьсгал халуун дулаанаар бүрдэж, ямар ч хүн сайн сайханд тэмүүлэн хичээж, өөрийгөө хөгжүүлж, сурсан мэдсэнээ хуваалцаад явдаг эрүүл харилцаа тогтдог гэж би боддог. АПУ маань энэ тал дээр үлгэр жишээ компани. Манайхан тасралтгүй суралцаж, хөгжихөд нийтээрээ анхаарч, түүнийгээ ч бие биедээ хуваалцан зааж сургах нь бидний ажлын нэг хэвшил болсон байна.
2019 онд 150 гаруй жилийн түүхтэй HEINEKEN компанийн Амстердам дахь үйлдвэрт процессын оновчлол болон алдагдал, илүүдлийг тодорхойлох замаар шаардлагатай бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчид хүргэхэд чиглэсэн “Value Stream Mapping” сургалтад хамрагдсан. Үүнийгээ ажилдаа нэвтрүүлж, TPM буюу Total Productive Management-ын багтайгаа хамтран бүтээмжийн удирдлагын системийг хэрэгжүүлэн ажиллаж, нэгжийнхээ KPI үзүүлэлтийг ажлын байр бүрээр хэмжин тодорхойлж, улмаар бүтээмжийн удирдлагын системийг агуулах тээврийн нэгж бүр дээр гарган хэрэгцээгүй зардал, процессын оновчлол, алдагдал бүрийг системтэйгээр бууруулж компанийн ашиг, бүтээгдэхүүн хүргэлтийн чанар, ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн цогц системийг судлан нэвтрүүлснээр Ложистикийн ашигт ажиллагаагаа нэмэгдүүлэх тал дээр онцгой анхааран ажиллаж байна.
Олон жилийн туршлага, нэгдмэл хүч, тасралтгүй хөгжил, чадварлаг удирдлагын баг, үргэлж сурч хөгжин, шинэ зүйлд тэмүүлдэг ажилтнуудаар дүүрэн энэ гэр бүлдээ хайртай бас үргэлж бахархаж явдаг.