Categories
Ногдол ашиг

2021 он II хагас жил

АПУ ХК (MSE:APU) – ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны 02 сарын 17-ны өдрийн шийдвэрээр 2021 оны хоёрдугаар хагаст ногдох ногдол ашгийг нэгж хувьцаанд ₮60 (жаран төгрөг)-өөр тооцож хуваарилахаар шийдвэрлэлээ. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гарах бүртгэлийн өдрийг 2022 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвөөр дамжуулан тараахаар тогтлоо.
Өнгөрсөн онд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас улс орны хэмжээнд үүссэн нөхцөл байдалтай уялдуулж компанийн хэмжээнд орлогын төрөлжилтөд анхаарч экспортын орлогоо нэмэгдүүлж, хүн амын дархлаажуулалтын амин хүнс болох сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ эрчимжүүлж, хямралын үеийн эрсдэлийн удирдлагын нэгдсэн төлөвлөгөөг шат дараатай хэрэгжүүлж, томоохон хөрөнгө оруулалтуудыг зогсоон, тэвчиж болох үйл ажиллагааны зардлуудыг царцааж хойшлуулсан ба ажлын байраа хадгалах, үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангахын зэрэгцээ “Тогтвортой хөгжил”-ийн үзэл баримтлалаар нийгэмд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдээ эрчимжүүлэх чиглэлд анхаарч ажиллалаа.
Ийнхүү, 2021 он гарснаас хойш нэгж хувьцаа тус бүрд оны эхний хагаст ₮46, хоёрдугаар хагаст ₮60 буюу нийт 106 төгрөгийн ногдол ашиг хуваарилж байна. ТУЗ-ийн уг шийдвэртэй холбоотойгоор АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг хэлэхдээ “Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хил гаалийн хүндрэл тулгарсан энэ цаг үед ОХУ, БНХАУ тэргүүтэй бусад улс орнууд руу чиглэсэн экспортын хүчин чармайлтаа нэмэгдүүлж, зарим тохиолдолд туршилтын зах зээлээ тасалдуулахгүйн тулд агаарын тээвэрлэлт хийж ажилласан нь урт хугацаанд улс орны валютын орох урсгалыг жинтэй нэмэгдүүлж, эдийн засгийн эерэг нөлөөллийг бэхжүүлнэ гэж итгэж байна.” гэв.

2022.02.18

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй.