Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК “Grand Bull Awards 2023”-ийн “Шилдэг нээлттэй хувьцаат компани”-аар тодорлоо

Монголын хөрөнгийн зах зээлийн шилдгийн шилдгийг тодруулан өргөмжилдөг “Grand Bull Awards 2023” арга хэмжээнд “Шилдэг нээлттэй хувьцаат компани”-аар АПУ ХК-ийг нэрлэлээ.  

АПУ ХК нь 1924 онд байгуулагдсан Монгол Улсын хүнсний ууган үйлдвэрийн нэг бөгөөд 1992 онд Засгийн газрын шийдвэрээр хувьцаат компани болж өөрчлөгдөн, 2001 бүрэн хувьчлагдсан түүхтэй. Сүүлийн 20 жилийн хугацаанд АПУ компани 100 гаруй сая ам.долларын гурван шатны хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд шингэн хүнсний салбарын манлайлагч, зах зээлийн хөгжлийг тодорхойлогч, үндэсний ТОП компанийн нэг болжээ. Тус компани өдгөө 2500 орчим ажилтантай, 8 охин компани, 1 хараат компани бүхий групп компанийн бүтэцтэй ажиллаж, 10,000 гаруй харилцагчдын дэмжлэгтэйгээр Монгол Улсын өнцөг булан бүрд бүтээгдэхүүнээ түгээж байна.  

Монголын хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөн 30 жилийн хугацаанд АПУ ХК засаглалын нээлттэй, ил тод байдлыг эрхэмлэн хувьцаа эзэмшигч, хэрэглэгч, харилцагч тэргүүтэй төр, хувийн хэвшлийн бүхий л салбарт хувь нэмрээ оруулахад онцгой анхаарч ажиллаж ирсэн билээ. Энэ дундаа хүн төвтэй менежментийн бодлого хэрэгжүүлэхэд анхаарч компанийн эрхэм зорилго, үнэт зүйлсээ баримтлан аливаа нийгэм, эдийн засгийн өөрчлөлт бүхий цаг үед ажилтнуудаа хөгжүүлэх, ажлын байраа хадгалах төдийгүй олон нийтэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдээ эрчимжүүлж байна.  

АПУ компани 2019-2022 онд Монголын хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй компаниар тодорч, нэгж хувьцаанд олгодог ногдол ашгаараа тогтмол тэргүүлэгч, 20 мянга гаруй хувьцаа эзэмшигчидтэй Монголын Хөрөнгийн Биржийн ТОП-20 индекст багтдаг компани билээ. Мөн түүнчлэн байгууллагын нийгмийн хариуцлагын чиглэлээр нийгэм, байгаль орчинд ээлтэй, хамтын үнэ цэн бүхий олон төсөл хөтөлбөрүүдийг үр нөлөөтэйгөөр хэрэгжүүлж ирсэн.